• МОНГОЛ УЛСЫНХАА ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ!
.

ЗЭВСЭГТ ХҮЧИН-100 ЖИЛ ҮЗЭСГЭЛЭН ХОЁР ХЭСГЭЭС...


Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол цэргийн музейгээс “Зэвсэгт хүчин-100 жил” дижитал үзэсгэлэнг үзэгч олондоо өргөн барихаар бэлтгэж байна. Тус үзэсгэлэн нь Ардын журамт цэргээс Монголын Ардын Арми, Монголын Зэвсэгт хүчин гэсэн үндсэн 2 хэсгээс бүрдэх аж. 1921 оны Ардын журамт цэргээс эхлээд өнөөгийн энхийг сахиулагчдын түүхэнд холбогдох архивын 100 гаруй баримт, 150 гаруй биет үзмэр, эд өлгийн зүйлсийг дэглэн үзүүлэхээс гадна 1200 гаруй гэрэл зураг, баримтат киног орчин үеийн дэвшилтэт техник, технологийг түлхүү ашиглан үзүүлэх аж. Тус үзэсгэлэнд Монголын Үндэсний музей, Үндэсний төв архив, Батлан хамгаалахын төв архив, МАН-ын төв архивын сан хөмрөгөөс урьд өмнө нь үзэгчдийн хүртээл болж байгаагүй ховор түүхэн гэрэл зураг, архивын үнэт баримтууд, Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Д.Чагдаржав, Д.Бодоо нарын хэрэглэж байсан түүхэн биет үзмэрийг дэглэн толилуулахаар зэхжээ.
Мэдрэгчтэй ухаалаг дэлгэц, холограмм төхөөрөмж, ухаалаг зурагт мэдрэгчтэй яригч, аудио чихэвч, гэрэлт самбар, проектор зэргийг ашигласнаар 100 жилийн түүхэнд холбогдох гэрэл зураг, архивын баримтуудыг он дараалалын дагуу олноор байршуулж үзэгчид өөрийн сонголтоор хүссэн баримт материалтай танилцах боломжийг олгож байгаа нь тус үзэсгэлэнгийн гол онцлог, шинэлэг тал ажээ. “Зэвсэгт хүчин-100 жил” үзэсгэлэн нь энэ сарын 17-ны өдөр Төрийн ордонд, 19-ний өдрөөс Монгол цэргийн музейн түр үзэсгэлэнгийн зааланд дэглэгдэж үзэгч олны хүртээл болох юм.
скачать dle 12.0

Next Post