• МОНГОЛ УЛСЫНХАА ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ!
.

"ЧАДВАРЛАГ-100"-ГААС ШИЛДЭГ 9


Зэвсэгт хүчин хэмээх их айлын хот хөдөө, хол ойрын хамаг л ажлын голыг нугалахад 089 дүгээр анги тэр тусмаа эл ангиар овоглогдсон алтан шар замын эзэд, авто техникийн жолооч нар голлох үүрэгтэй. Эгэл атлаа энгүй үүргийг нуруундаа үүрч яваа тус анги ирэх онд 100 жилийнхээ түүхэн ойтой золгох аж. Тиймдээ ч эдний хамт олон ангийнхаа их ойг угтаж басхүү Зэвсэгт хүчнийхээ 100 жилийн ойн хүрээнд аливаа ажил, арга хэмжээг шат дараатайгаар хэрэгжүүлсээр байна. Тэдгээр ажлынх нь нэг болох 100 жолоочийг хамруулсан “Чадварлаг-100” тэмцээн өчигдөр ангийнх нь байрлалд боллоо. Ангийн захирагчийн орлогч, ахлах инженер, дэд хурандаа Д.Алтанбаяр эл тэмцээнийг санаачилж, зэвсэг, техникийн албаны хамт олон нь зохион байгуулсан юм. “Жолооч нарынхаа, тэр дундаа шинээр томилогдсон залуусынхаа мэргэжлийн ур чадварыг шалгах, дээшлүүлэх, олон жил ажилласан, дадлага туршлагатай ах нараасаа суралцах, харилцан туршлага солилцох боломжийг энэ тэмцээн бүрдүүлж байгаа юм. Ийм ч зорилго агуулсан” гэж санаачлагч болон зохион байгуулагчид нь онцолж байв.
Жолооны дүрмийн шалгалт, галын бэлтгэлийн 12, 13, 15 дугаар норматив, авто дромын элементүүдийг гүйцэтгэх гэсэн гурван даалгаврын хүрээнд оролцогчид авьяас чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. Гурав дахь даалгавар буюу авто дромын элементүүдийг гүйцэтгэхдээ өрсөлдөгчид суудлын авто машин, автобус, ачааны буюу “Зил-130” маркийн машинуудаас дурын техникээр даалгавараа гүйцэтгэв. Тэмцээний төгсгөлд D ангилалын төрөлд ахлах ахлагч Б.Энхтөр, ахлагч Т.Мөнхбаяр, Д.Ган-Очир нар, C ангилалын төрөлд ахлах ахлагч С.Норовваанжил, Б.Анхбаяр, ахлагч Т.Тэгшээ нар, B ангилалын төрөлд дэд ахлагч Э.Амарбаатар, Б.Мөнхсүлд, ахлагч Э.Өвөө нар тус тус шалгарлаа.
Тэмцээн өрнөх үеэр тус ангийн техник шалган нэвтрүүлэх байрын дарга, ахлах механик, ахлах ахлагч С.Батбаяраас хэд хэдэн зүйл сонирхон асуув. Тэрээр ШУТИС-ийн МИС-ийг автын инженер мэргэжлээр 2001 онд төгсөөд 2013 онд эл ангид “бүл нэмж” тэр үеэс л одоогийнхоо албан тушаалыг хашиж байгаа гэнэ. Тэдний гэр бүл бараг бүгдээрээ цэргийнхэн төдийгүй, түүний аавыг Ховдын хорооны захирагч асан хурандаа Н.Сайнбилэг гэдгээр нь салбарынхан анддаггүй аж. Харин ээж Д.Алтанцэцэг нь тус ангид насаараа усны тэрэг жолоодож, ахлах ахлагч цолоор мөрдэс гоёж явсан бүсгүй гэнэ. Аав, ээжийнхээ ажил, амьдралын замналыг түүчээлж, Зэвсэгт хүчинд алба хааж яваадаа бахархдаг нь түүний ярианаас илхэн.

С.Батбаяр ярианыхаа эхэнд “Манай жолооч нар үнэхээр чадварлаг, ажил, мэргэжилдээ эзэн нь болсон залуус” хэмээн тодтоголоо. Түүний ажил өдөр бүр зургаан цагт эхэлдэг бөгөөд ангийнхаа хашаанаас ажилдаа гарч буй жолооч бүрт аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөн эрүүл мэндийн байдлыг нь лавлахаас гадна машин техникүүдийн бүрэн бүтэн байдлыг нэг бүрчлэн шалгаж явуулдаг ажээ. Эндээс Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний хэмжээнд цаг хугацаатай өрсөн өрнөж байгаа ямар ч ажлыг саадгүй бүтээхэд тус ангийн хамт олны үүрэг, хариуцлага, ажлын онцлог нь тод харагдах буй за.
Ахмад Д.Мэндбаяр
скачать dle 12.0

Next Post