Б.Азжаргал нь айлын бага хүү бөгөөд нэг эгчтэй. Өөрийнх нь хэлснээр нэлээд дураараа өссөн хүүхэд аж. Дураараа өссөн ч эцэг, эхийнхээ чихийг “халууцуулсан” тохиолдол тун цөөхөн хэмээн хэлсэн юм. Гэхдээ эрэгтэй хүүхэд л болсон хойно аав, ээжийнхээ нүүрийг ганц, хоёроор тогтохгүй “улалзуулах” зүйлийг хийжээ.
Тухайлбал, 7 настай байхдаа тэрээр анх удаагаа цэргийн ангид хөл тавьсан бөгөөд энэ өдрөө "тэнгэрт тулсан" том хэрэг тарьжээ. Тэднийх 16 дугаар хороололд амьдардаг байсан бөгөөд нэг найзынхаа хамтаар БХИС-ийн хашааг давж орон тоглосон байна. Түүгээр ч зогсохгүй хугацаат цэргийн байраар нь орж ханан дээр нь өлгөөстэй байх хүндэт самбар дахь зургуудыг нь харж яваад ротын жижүүр, ээлжтэнд баригдан сургуулийн жижүүрт байцаалт өгсөн аж. Сургуулийн жижүүр тэр хоёроос “Хэнтэй хамт яваа юм, хэний хүүхдүүд вэ” гэхчлэн асуултууд тавихад айсандаа самбар дээрх зураг руу нь зааж “Тэр хүний дүү” хэмээн хэлсэн нь асуудлыг улам ч хурцатгаж “өндөр” авахад хүргэсэн талаар дурссан.
Хэрвээ тэр үед хажуу байрны хүүхдүүд гэсэн бол сургуулийн жижүүр нэг сайн загнаж өгөөд л гаргах байсан биз. Тэр тусмаа нийгэм солигдож, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх үзэл агуулга бус хэлбэр талаасаа "шүтэгдэх" болсон өнөө үед залуус хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзах болсон.
Харин оюутан Б.Азжаргал тэгэлгүй цэргийн зарлан дуудах хуудас авсан мөчөөс “Одоо явах нь зөв үү, эсвэл их сургуулиа төгсөөд явах нь зөв үү” гэсэн асуултыг өөрөөсөө болон найз нөхөд, гэр бүлийнхнээсээ асууж, зөвлөлдсөн аж. Тэр үед дээрх бүх хүмүүс явсан нь дээр, гэхдээ чиний сонголт чухал, өөрөө шийд дээ гэж хэлжээ. Харин цэрэгт явах талаараа сургуулийнхаа багш нар болон оюутнуудад хэлээгүй байна.
Учир нь хэрвээ цэрэгт явлаа гэж сүр дуулиан болоод, баяр ёслолын байдалтай үдүүлчихээд, "комисс"-оор ороод тэнцэхгүй бол хүмүүсийн хандлага, өөрийгөө үнэлэх үнэлэмжид нь нөлөөлөх байсан талаар дурссан. Ганц хүүгээ цэргийн албанд мордуулах сонирхол аав, ээжид нь байсан бөгөөд “Эр хүн болсных яваад ирэх алба” хэмээн "ташуур" өгсөн байна.
Б.Азжаргалын хувьд хугацаат цэргийн албанд явахаар нэгэнт шийдсэн үедээ багынхаа хоёр найзыг хамтдаа явъя гэж нэлээд ятгасан боловч ятгалгад нь оролгүй үлджээ.2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр түүнийг цэрэг татлагын "комисс"-оор орох үед аав нь “Миний хүү олны дунд үгээ бодож яваарай” гэж захисан байна. "Комисс"-оор ороод явж байхад тэнд байсан нэг дарга “саналаараа явах хүсэлтэй хүн байна уу” гэж асуухад маш олон залуус өөртэй нь нэгэн адил гараа өргөхийг нь хараад “Өөрийн хүсэлтээр явна гэдэг нь тийм ч гайхуулаад байх зүйл биш” гэдгийг мэдсэн талаараа ярьсан юм. Үзлэгээр ороход төсөөлж байснаас нь хэр өөр байсан талаар асуухад “Хар хувцастай хүмүүс "комисс"-оор орж байгаа залуустай нэлээн ширүүн харьцаж байгаа нь маш эвгүй байсан. Цэргийн ангидаа очоогүй байхад ингэж байгаа юм чинь очих юм бол бүр ч “эвгүй” харьцаатай хүмүүс угтах байх даа” гэж бодсон ч бас нуугаагүй.
Түүний хэлсэн “эвгүй” харилцаатай хар хувцастай хүмүүс гэдэг нь цэргийн дүйцүүлэх албыг хааж байсан иргэд аж.Улаанбаатар хотод анхны цас орж, шуурга тавьсан өдрийн үүрээр алба хаах ангидаа буюу Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн байрлалд иржээ. Б.Азжаргалын хувьд өмнө дурдсан их сургуульд уул, уурхайн чиглэлээр сурдаг тул мэргэжилтэй нь ойр, өөрт нь дадлага болно гэсэн үүднээс тус ангид алба хаах хүсэлтэй байгаагаа илэрхийлэн хуваарилагджээ.
Тус ангид ирсэн даруйд ая тухтай, тохилог орчин, эелдэг харилцаатай захирагч, дарга нар угтсанаар дээр өгүүлсэн анхны сэтгэгдэл нь тэс өөрөөр эргэсэн ажээ. Сурч мэдэхийн төлөө хичээж зүтгэвэл юун загнуулах, харин ч магтаал, урмын үгс харамгүй сонсдог гэдгийг мэдэрчээ.
Түүний хувьд захны даавуугаа гуравхан удаа ханзлуулсан гэж онгирох маягтай хэлсэн. Гэхдээ төгс оёж сураагүй байгаа талаар хэлэхийн зэрэгцээ иргэний нийгэмд өөрийгөө дайчлаад сурахгүй байсан энгийн зүйлсийг цэрэг амьдралын нэг жилийн хугацаанд дарга нарынхаа хүчээр суралцана гэдэгтээ итгэлтэй байгаа аж.
Тэр бээр “Ээж минь надад ажил хийвэл дуустал нь хий.
Тэгэхдээ цаг хугацаанд нь бүрэн гүйцэд хийж бай" гэж олон удаа хэлсэн. Тухайн үед нь сайн ойлгохгүй, үл тоосон маягтай хүлээж авдаг байлаа. Цэргийн албанд ирээд аливаа ажлыг хугацаанд нь бүрэн гүйцэд хийх нь тухайн хүнд амьдралын маш сайн дадал, зуршил өгдөг гэдгийг мэдэрч байна. Өглөө эрт босох, ороо цэвэрхэн, зөв хураах гээд жижиг мэт боловч хүнийг бусдад зөвөөр харагдуулах амьдралын хэвшилд суралцаж байгаа. Мөн дураараа өссөн хүний хувьд багаар ажиллах, хамтдаа хийх зэрэг дараа нь түүнд хэрэгтэй олон зүйлсийг өдөр бүр өөрийнх болгох гэж хичээж байгаагаа Б.Азжаргал ярьсан юм.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Цэргийн алба бол эр хүнийг, өрхийн тэргүүнийг бэлтгэдэг сайхан алба” гэж нэгэнтээ хэлсэн. Тэгвэл 2020 оны хоёрдугаар ээлжээр Б.Азжаргал болон түүнтэй хамт нэг ээлжинд татагдан ирсэн залуус эр хүн болохоор цэргийн эрдэмд шамдан суралцаж, тулгатай өрхийн тэргүүн болж төлөвшихөөр бэлтгэгдэж байна.
Ахмад Э.ОЧХҮҮ