Нүүр хуудас Түүхийн жимээр ЗЭВСЭГТ ХҮЧНЭЭ ДЭЛХИЙД ДАНСТАЙ БОЛГОСОН ГЕНЕРАЛ ГҮРИЙН РАГЧАА

 

 

            Монголын Зэвсэгт хүчний дайчид Олон улсын Энхийг сахиулах ажиллагаанд оролцсоны 10 жилийн ойг тэмдэглэж байгаа энэ он, саруудад тэрхүү түүхэн зам мөрийг тэгшитгэж өгсөн Гүрийн Рагчаа гэдэг эрхэм генералын нэрийг дурсахгүй өнгөрч хэрхэвч болохгүй гэдгийг Зэвсэгт хүчнийхэн андахгүй. “Монголын Энхийг сахиулагчдын загалмайлсан эцэг” хэмээн алдаршсан тэр эрхэм генерал чухам хэн байв гэдгийг тодруулахын тулд Г.Рагчаа генералтай нэг баг болон ажиллаж, бас дотно сайн анд нөхөд явсан Монгол Улсын Батлан хамгаалах Яамны Төрийн нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоогоос тодруулсан юм.

            Тэрээр “Миний дотны анд, бас ах, техникийн шинжлэх ухааны доктор Гүрийн Рагчаа гэж Монголын Зэвсэгт хүчинд өөрийн ул мөрийг тодоос тод үлдээсэн хүнлэг бөгөөд жавхаалаг сайхан генерал маань ертөнцийн мөнх бусыг үзүүлснээс хойш дөрвөн хаврын яргуй цэцэглэж байгаа ч өнөөдөр биднийхээ дунд амьд хэвээрээ байгаа юм шиг санагдах нь юуных билээ” гээд хэсэг хугацаанд гүн бодолд дарагдсан юм. Тийм ээ. Хүмүүсийн сэтгэлд гэгээнээр дурсагдан үлдэх сайн үйлс бүтээсэн, чухамдаа буурал хорвоод заяасан богинохон насаа жинхэнэ хүн байхын гайхамшигт үлгэр дуурайллаар жигүүрлэн амьдарсан хүн л хэн бүхний зүрхний угт хоногшин үлддэг жамтай юм даа гэсэн бодол төрж байлаа. Генерал маань жаахан тайвширав бололтой сэтгэлээ ийнхүү дэлгэлээ.

            Монголын Зэвсэгт хүчний нэртэй генерал тэр сайхан хүнтэй миний бие нэгэн цаг үед мөр зэрэгцэн алба хааж, дарга цэргийн, багш шавийн, үерхэл нөхөрлөлийн халуун журмаар ажиллах завшаан тохиосныг амьдралын маань хэвшлийг өөрчлөхөд тодорхой хувь нэмрээ оруулсан гэж боддог. Өдгөөгөөс гучаад жилийн тэртээх он жилүүд миний сэтгэлд тодхон байна. Тухайн он жилүүдэд намайг ЦНДС-ийн Улс төрийн хэлтсийн орлогч даргаар ажиллаж байхад генерал маань мөн сургуулийн зэвсэглэл, техник эрхэлсэн орлогчоор ажиллаж байв. Удалгүй сургуулийн захирлаар дэвшин ажиллахад нь намайг захирлын нэгдүгээр орлогч, сургалтын хэлтсийн даргаар томилсон нь бидний үерхэл нөхөрлөлийг бататган бэхжүүлэх томоохон гүүр болсон юм даа. Тэрээр цэргийн хэргийн төдийгүй техникийн шинжлэх ухааны өргөн мэдлэг, боловсролтойн зэрэгцээ гадаад хэлний өндөр соёлтой, хэнтэй ч зөв боловсон харьцаж чаддаг, нийтэч чанарыг зарчимч шаардлагатай хослуулан ажилладаг, чухамдаа аливааг зохион байгуулах чадвар байгалиас заяагдсан хүн байв. Ийм хүнтэй хамт ажиллахад үнэхээр үр өгөөжтэй байлаа. Ямарваа асуудалд холч ухаанаар ханддаг зан чанар нь хамт ажиллагсаддаа шууд нөлөөлдөг байсан нь “Сайныг дагавал сарны гэрэл” гэсэн мэргэн сургаалийг аргагүй л баталдаг байсан даа.

            Г.Рагчаа генерал Монгол Улсын Зэвсэгт хүчний шинэчлэлийн төлөө оюун бодлоо чилээж, олон шөнө нойргүй хонож байхдаа дэлхийн гарц болсон англи хэлийг “Даанч дэндүү” гэмээр сурсан нь хожмоо өөрт нь төдийгүй Монгол Улс, Монголын Зэвсэгт хүчинд үнэхээр үнэлж баршгүй үр өгөөжөө өгснийг нь бахархан тэмдэглэхийг хүсч байна. Тэдгээр он жилүүдэд төрийн цэргийн бодлогод Монголын Зэвсэгт хүчнийг Энхийг сахиулах чиглэлээр хэрхэн оролцож болох эрх зүйн үндсийг бүрдүүлэхийг тусгуулахын төлөө үсээ цайлгаж, чөмгөө дундартал ажилласны үр дүнд 2003 оны 9 дүгээр сард Монголын Зэвсэгт хүчний дайчид анх удаа багаараа Олон улсын цэргийн ажиллагаанд оролцож эхэлсэн нь Г.Рагчаа генералын хөөцөлдөж бүтээсэн олон арван гавьяат үйлсийнх нь нэг байсан гэдгийг 10 жилийн босгон дээр ахин тодотгож байна.

            Миний бие ЗХЖШ-ын даргаар ажиллаж байхдаа уг асуудалд хамтран оролцож, 2003 онд АНУ-ын Төвийн командлалд хамт очиж байснаа эргэн санахад таатай байлгүй яахав. Тэр бүхэнд Г.Рагчаа генералын англи хэлний өргөн мэдлэг, улс төр, дипломатын болоод цэргийн хэргийн өндөр боловсрол, амьдралынх нь арвин их туршлага үнэхээр “ногоон гэрэл” болж байсан. Тийм ч учраас батлан хамгаалах салбарт шат дараалсан хариуцлагатай алба хашаад зогсохгүй, 1995 оноос Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамны дэргэдэх Батлан хамгаалахын анхны атташе, 2005 оноос АНУ-д Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын Цэргийн бодлогын зөвлөхөөр томилогдон амьдралынхаа сүүлчийн мөчийг хүртэл үр бүтээлтэй ажиллаж байлаа. Тэр Зэвсэгт хүчнээ дэлхийн тавцанаа дуурсгахыг хүсээд зогсоогүй, дэлхийн хөгжилтэй орнуудын Зэвсэгт хүчинтэй өөрийн орны нутаг дэвсгэрт хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах эрх зүйн үндсийг  бүрдүүлэхэд ч үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан төр, цэргийн нэртэй зүтгэлтэн байсан юм. Үүний нэг тод жишээ нь тэрээр БХЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн даргаар ажиллаж байхдаа уйгагүй хөөцөлдсөний эцэст АНУ-ын Зэвсэгт хүчинтэй анхлан зохион байгуулсан “Баланс межик” хамтарсан хээрийн сургууль байв. Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчний 2000 гаруй цэргийн алба хаагч Ирак, Сьерра Леон, Афганистан, Косово, Чад, Судан зэрэг олон оронд эх орны томилолт өвөрлөн үүрэг гүйцэтгэсэн, гүйцэтгэж байгаа нь Г.Рагчаа генералын олон жилийн мөрөөдөл, уйгагүй хөдөлмөр, хөөцөлдөлгөөний үр дүн байсныг Зэвсэгт хүчний дайчид үеийн үед бахархан дурсаж байх болно. Тийм ч учраас “Алтан Өлгий”-д амгалан нойрсох ариун цогцосынх нь хөшөөн дээр “Монгол цэргийг дэлхийн болгосон генерал” гэж мөнхөлсөн юм даа гэж Ц.Тогоо генерал маань сэтгэлийн дайднаа хуралдсан Г.Рагчаа генералын тухай дэндүү сайн мэдэх бүхнээ цаг зав гарган хуучилсан билээ.

            СЭТГҮҮЛЧИЙН ЗУРВАС: Гүрийн Рагчаа гэдэг тэр их хүн үнэхээр Монгол Улсад НҮБ-ын Энхийг сахиулах үзэл санааг анх дэлгэрүүлж, бодит ажил хэрэг болгосныг нэгэн цагт ЗХЖШ-т нэг агаар амьсгалан ажиллаж байсан сэтгүүлчийн хувьд миний бие мэдэх юм. “Сайн хүнийг сардаа нэг дурсаж бай” гэж нэгэн суутан хэлсэн байдаг. Хэдийгээр Г.Рагчаа генералын маань ахуй бие нь алслан одож, амгалан хөх тэнгэр дээрээс нь ивээсэн, алтан хөрс шороо доороос нь дэвссэн дэлгэр тэнүүн толгодынхоо энгэрт үүрд мөнх нойрсож байгаа ч Та өнөөдөр биднийхээ дунд амьд хэвээрээ байсаар байх болно.

            Тийм ээ. Зэвсэгт хүчний маань сор болсон генерал агсан Гүрийн Рагчаа Та үгээр илэрхийлж, үсгээр эвлүүлэхэд ч багадам, бүхэл бүтэн дурсамжийн ном, кино бүтээх хэмжээний баялаг сайхан түүх, намтартай нэгэн байсныг тань Монголын Зэвсэгт хүчний алба хаагчид нэгэн дуугаар батлах ажгуу.

 Зохиолч, сэтгүүлч Гомбын БААТАРНУМ

 
Хаяг
Баннер
Баннер
Баннер
Баннер