Нүүр хуудас БХЯ-100 ШИНЭ САНААГ ХАРАХГҮЙ БАЙХ НЬ ХӨГЖЛИЙН ЧӨДӨР

   Өнгөрөгч ням гаригт Их тэнгэр цогцолборт “100 жил-100 санаа” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.  Батлан хамгаалахын сайд Л.Болдын санаачилгаар БХЯ, Менежментын зөвлөгөө, сургалтын Саникон компаний хамтран зохион байгуулсан уг хэлэлцүүлэгт БХЯ, ЗХЖШ, харъяа анги, байгууллагын удирдах бүрэлдэхүүн оролцсон юм.

“Шинэ санааг өдөөгч сэтгэлгээний аргууд” сэдвээр Саникон компаний ажилтан Н.Болд мэдээлэл өглөө. Тэрээр сэтгэлгээ яагаад чухал гэж, түүний мөн чанар, тэнцвэржүүлсэн ойлголт буюу PMI, боломжит хувилбаруудаас сонголт хийх АРС, мэдээллийг ашиглах сэтгэлгээний арга замууд гээд орчин үеийн сэтгэлгээний аргуудын талаар онцлон дурдсан нь оролцогсдын сонирхлыг багагүй татаж байлаа.

Цэргийн дүрэм журманд хэт захирагдаж, сэтгэлгээ нь хайрцаглагддаг гэж шүүмжлэгддэг манай салбарын хувьд сэтгэлгээг хэрхэн задлах, өдөөн хатгалт, хөдөлгөөнд оруулах, тогтсон ойлголтоос зайлсхийх, “дамждаг чулуу”, тохиолдлын үг гээд аргууд олон хүнд шинэ санаа, сэдэл өгсөн нь ойлгомжтой.

Шинэ санааг олж харахгүй байх нь хөгжлийн чөдөр болно гэсэн үг энэхүү сургалтын агуулгыг илэрхийлэх шиг санагдсан. Уулын оргил дээрээс унаж үхэхээс өөр гарц олж харахгүй байгаа хүн хайрцаглагдсан сэтгэлгээний энгийн жишээ юм. Харин эсэн мэнд бууж болох аргуудыг олж харж, оновчтой сонголт хийж чадаж буй нь сэтгэлгээний мөн чанар аж. Тэгэхээр хүний сэтгэлгээ  хязгааргүй, гагцхүү хүн өөрөө хайрцаглаад байдаг гэсэн санааг сургалтын үеэр дэлгэрэнгүй тайлбарласан.

Тэнцвэржүүлсэн ойлголт буюу PMI сонирхол татсан. Аливаа нэг ажлын давуу болон сул талыг тодорхойлоод эцэст нь сонирхолтой байж болох хувилбарыг сонгож байгаа нь хүмүүний оюуны чадамжийг урьдаас бодсон үзэл баримтлалыг хамгаалахад бус, харин тухайн нөхцөл байдлыг илүүтэйгээр судлах, чиглүүлэхэд энэ арга илүү үр дүнтэй санагдсан. 

Сэтгэлгээг хөгжүүлэхэд ялангуяа сэтгэлгээг хайрцагнаас гарахад өдөөн хатгалт чухал ажээ. Өдөөн  хатгалт сэтгэлгээг хөдөлгөөнд оруулж, тогтсон ойлголтоо гээж улмаар шинэ санаа, чиглэл олох арга зам болдог талаар тодорхой баримт жишээ дурдан ярилаа. Энд бусдын санаа болон үнэлэмжийг тооцох аргууд сэтгэлгээг үр дүнд хүргэхэд чухал болох нь харагдсан. Тухайлбал оролцогсод бүлгээрээ Батлан хамгаалах салбарын дараагийн 100 жилд хийж хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар санаагаа уралдууллаа.

20-оод минутын дотор 160 гаруй санаа дэвшигджээ. Хэрэв багш зогсоогоогүй бол шинэ санаа цаашаа улам олон болж арвижих шинжтэй байсан.

Тохиолдлын нэг үг хүртэл сэтгэлгээг хөгжүүлэх дасгал болдог нь сонирхолтой санагдсан. “Урхи” гэдэг үгийг яамны 100 жилийн ойг тэмдэглэхтэй холбож үзэхэд ухаан зарах, нарийн төлөвлөгөө, зорилгоо тулгах, ашиг орлого, хариуцлага, өгөөш, оновчтой сонголт гээд олон санаа, шинэ сэдэл гэж оролцогсод ухаан бодлоо уралдууллаа. Мянганы хөгжлийн сан дээр болсон нэг удаагийн сургалтын үеэр “Шорон” гэдэг тохиолдлын үг мөн л олон шинэ санаа олж авахад тусалсан талаар багш сонирхуулсан. Харж хэвшсэнээс өөр өнцгөөс харж болдог юм гэдгийг хүмүүний оюун санаанд суулгаж өгөхөд энэхүү сургалт, хэлэлцүүлэг ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Батлан хамгаалахын сайд Л.Болд хэлэлцүүлгийг хааж хэлсэн үгэндээ, сэтгэлгээг задлаж, оюуны чадавхыг дайчилдаг том онолоос суралцах, ажил амьдралд хэрэгжүүлэхэд энэ удаагийн сургалт тус дэм болно гэдэгт итгэлтэй байна. Цэргийнхэнд дүрэм журам чанд үйлчлэх ёстой ч оюуны хүчин зүйлийг ямагт дээгүүр тавьж байх учиртай. Нийгэмд шударга ёсыг нутагшуулах зорилт чухлаар тавигдаж байгаа энэ цаг үед түүнийг салбартаа хэрэгжүүлж, бусдад үлгэр болох ёстой. Үүнд шинэ санаа, сэтгэлгээг хөгжүүлэх явдал нэг хүчин зүйл болно гэж тэмдэглэлээ.

 
Хаяг
Баннер
Баннер
Баннер
Баннер