Нүүр хуудас БХЯ-100 Ц.ДАШЗЭВЭГ: ЭРС ШИНЭЧЛЭЛИЙН ОН ЖИЛҮҮД БАЙЖЭЭ

1990-1998 онд БХЯ-ны дэд сайд, Батлан хамгаалахын тэргүүн дэд сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бэлтгэл дэслэгч генерал Ц.Дашзэвэгтэй хөөрөлдлөө.

Батлан хамгаалах салбар, БХЯ-ны шинэчлэлийн гол жилүүдэд Та дэд сайд, төрийн нарийн бичгийн даргын алба хашжээ. Тиймээс эргэн дурсаж хэлэх зүйл их байгаа байх?

   -Батлан хамгаалах салбарын эрх зүйн зохицуулалт, бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт, боловсон хүчний асуудал, цэргийн алба хаах хэлбэрүүд, зэвсэг техникийн асуудал, офицер, ахлагч нарын нийгмийн асуудал, цалин, дүрэмт хувцасны өөрчлөлт, удирдлагын тогтолцоог бүрдүүлэх гээд олон чиглэлээр зоригтой алхмууд хийгдсэн үнэхээр эрс шинэчлэлийн он жилүүд байжээ, тэр үе. Зарим асуудлыг анхнаас нь эхлүүлж байсан болохоор алдаж онох, шүүмжлэлд өртөх зүйл цөөнгүй байсан нь мэдээж. Гэхдээ өнөөдөр эргэн харахад, эргэн дурсахад ихэнх асуудлын суурийг нь зөв тавьсан учир одоо бүгд зөв хэлбэрээр голдрилдоо ороод улам хөгжиж, шинэчлэгдэж яваад би баяртай байдаг. Арын буюу дараа, дараагийн албан тушаалтнууд ажил албыг сайхан авч яваа гэж боддог. Тэр үед ямар нэг асуудлыг дээш нь ойлгуулах, УИХ, Засгийн газраас дэмжлэг авах, бүтээж ажил хэрэг болгоход үнэндээ амаргүй байсан ч бид бүхий л боломж бололцоог ашиглан арга эвийг нь олж байлаа. Тиймээс тэр үед хамтран ажиллаж байсан бүх хүмүүстээ талархах учиртай.

Юуны өмнө эрх зүйн зохицуулалтыг хийхэд анхаарсан гэлцдэг?

-1990-ээд оныг хүртэл цэргийн салбарын бүх л харилцааг зохицуулсан хууль байгаагүй. Зах зээлийн харилцаа, тэр тусмаа ардчилсан нийгэмд шилжээд ирэхээр хүчний байгууллага, цэргийн байгууллагын үйл ажиллагааг хуулиар зохицуулахаас өөр аргагүй болсон. Тиймээс тэр үеийн хамгийн гол үндсэн ажил бол эрх зүйн зохицуулалтыг бий болгох, эхлүүлэх явдал байлаа. Үндсэн хууль батлагдахыг хүлээсэн, харзнасан. Цэргийн үүргийн тухай, цэргийн алба хаагчдын эрх зүйн байдлын тухай гэсэн 2 хуулийг нэг болгосон гэх мэт.  1993 оноос хойш Батлан хамгаалах тогтолцооны багц хуулиудыг бий болгох том зорилт тавьсан. Өмнө нь эрх зүйн үндсийг нь тавьчихсан. Бүр том асуудал буюу бүхэл бүтэн тогтолцооны цогц асуудлыг тавихад зориглон баталж чадахгүй байсан. Харин сүүлд нь Ерөнхийлөгч Н.Багабандийн нэр дээр санаачлан оруулж батлуулсан. Батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай 2 хуулийг тусад нь болгон батлуулах асуудал явдаггүй ээ. Тэгэхээр нь “Батлан хамгаалах бодлого зорилт, үйл ажиллагаа” гэсэн номыг бараг 2 сарын дотор бичээд хэвлэлтээс нь шууд УИХ-ын хуралдааны танхим руу татан авч эрхэм гишүүдийн ширээн дээр тавьж байлаа. Тэгээд мэдээлэл хийсэн. Түүний дараа хуулиуд батлагдсан.

Дараагийн том асуудал нь бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт байв уу?

-Социализмын үеийн армийн бүтэц зохион байгуулалтыг ардчилал, зах зээлийн нийгмийн онцлогт нийцүүлэн өөрчлөх том ажил эхлэсэн. Шинэ тогтолцоонд шилжээд “Өөрийгөө хамгаалах Зэвсэгт хүчин бий болгоно” гэсэн зорилт тавьсан. Энэ нь цомхон, чадварлаг, мэргэжлийн байх ёстой гээд үүн рүү шилжүүлэх алхмыг хийж эхлэсэн дээ. Ангиудыг татан буулгах, өөр бүтцэд шилжүүлэх, тэдгээрт ажиллаж байсан хүмүүсийн хувь заяаг шийдвэрлэх нөр их ажлыг их донсолгоогүй, хохирол багатай шийдэхийг хичээсэн. Тэр үед хугацаат цэргийн алба хаагчийг 72 хувиар багасгасан. Хугацаат цэрэг багасна гэдэг чинь цэргээ удирдаж байдаг офицер багасна гэсэн үг биз дээ. Заримд нь бүр гэр өгөөд гаргаж байсан шүү дээ. Харин мэргэжлийн Зэвсэгт хүчин руу шилжиж буй учир ахлагчийг өөд нь татах нь манай бодлого байсан. Энэ үндсэн дээр бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөхдөө байнгын бүрэлдэхүүнтэй анги, салбаруудын тоог нэмэгдүүлэх гэсэн цоо шинэ бодлого барьсан. Байлдааны жижүүрлэлтийн ангиудыг бүгдийг нь байнгын бүрэлдэхүүнд шилжүүлэх ажил бэрхшээлтэй тулгарч байсан. Бүтэц, зохион байгуулалттай холбогдуулаад ангиудын байршилтыг өөрчлөх асуудал урган гарсан. Дорнод, Завханд шинэ анги, зарим газарт радиолокаторын ротууд шинээр байгуулсан. Өөрөөр хэлбэл өөрсдийнхөө бодлогод уялдуулан шинэчлэх, бас хорогдуулахын зэрэгцээ шинээр байгуулах, шилжүүлэн байршуулж байлаа. Тэр үед нөгөө “Ардын засаг ч гэж юу байлаа, авдаг өгдөг нь ч хаа байлаа” гэгчээр анги шилжүүлнэ, шинээр байгуулна гэдэг мөнгө хөрөнгө шаардсан ажил байв. Мөнгө төгрөг байхгүй бид бор зүрхээрээ л зүтгэж байгуулж байсан даа. Харин одоо бол амархан, мөнгө нь бэлэн байна. Дорнодод л гэхэд шинэ анги байгуулахдаа би очоод л Барилгын ангиасаа захиргаадан энэ байр, тэр казармаа өг гээд уйлуулаад л авч байлаа шүү дээ. Тэнд би Зүүнбаянгаас марш хийсэн танкийн цуваа хүлээн авахад офицер, ахлагч нарын маань бээлий урагдаад гар нь улаан нялга болчихсон байсан. Тийм хол замд жолоодоод тэр шүү дээ. Бас 150 буюу элитийн батальон байгуулсан. Одоо энэ анги үндсэндээ Монголын Зэвсэгт хүчний нэр алдрыг өргөж байна.

Боловсон хүчний бодлого гэх том асуудлыг шийдвэрлэхэд бас их бэрхшээлтэй байсан болов уу?

-Үнэхээр бэрхшээлтэй том асуудал байлаа. Умард хөршид сургадаг байсан. Гэтэл Оросууд маань түрүүчийнхээ хүмүүсийн сургалтын мөнгийг нэхээд эхлэсэн. Тэгээд хойшоо  олноор нь явуулж сургаж чадахаа больсон. Гэхдээ бид огт таслаагүй. Ингээд боловсон хүчнийг дотооддоо бэлтгэх тогтолцоог шинэчлэх, бий болгох нь чухал гэж үзсэн. Цэргийн алба хаагчдыг албан тушаал ахих тусам мэдлэг чадварыг нь хурцалж өгч байх ёстой шатласан сургалтын тогтолцоог бий болгосон. Албан тушаалын дамжаадад заавал сургадаг болсон. БХУА байгуулж, академийн боловсролыг ОХУ-д 3 жилээр олгож байхад бид энд 2 жилээр олгоно гээд зориглож байлаа шүү дээ. Үүнийг эсэргүүцэж байсан хүмүүс бий. Гэтэл одоо Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэргийн бүх ангиудын захирагч, штабын даргаар БХУА-ийг төгссөн офицерууд л ажиллаж байгаа биз дээ. Тэгэхээр энэ бол зайлшгүй мөртлөө цагаа олж хийгдсэн зөв ажил байжээ. Дээр нь гадаадад сургах талаар боломж бүхнийг алдахгүйг, уламжлалыг таслахгүйг хичээсэн. АНУ, БНХАУ-д ганц хоёр хүн сургаж эхлэсэн. Анх суралцсан офицерууд маань итгэл алдалгүй сайн суралцсаны хүчинд гадаадад сургах асуудал улам өргөжсөн. Бас ахлагч нартаа анхаарч анх удаа Ахлагчийн сургуулийг Монголд байгуулсан. Үүнийг шүүмжлэгсэд бас байсан. Одоо харахад голдрилдоо орсон байгаа юм.

Цэргийн алба хаах сонгомол хэлбэрүүд бас тэр үед л гарсан даа?

-Офицер, ахлагч нарынхаа асуудлыг шийдчихлээ. Одоо хугацаат цэргийн алба хаагчдыг яах вэ гэдэг асуудал гарч ирсэн. Өргөн уудам нутагтай, хүн ам цөөн манайх шиг улсад хугацаат цэрэг байх ёстой. Харин нэр төрөлд нь өөрчлөлт нэмж гэрээт цэргийн албыг бий болгосон. Энэ бол их зөв алхам байсан ч эхэндээ дэмжлэг муутай байлаа. Шал дэмий зүйл, гэхдээ яахав дээрээс захиргаадаж бий болгосон юм даа гэсэн хандлагатай байсан. Тэр үед сайн сурталчилж чадаагүй тал ч бий. Одоо харин голдрилдоо орчихож. Намайг Казахстанд байхад тэндэхийн телевизийн сувгаар Монголын Хилийн цэрэг зарим заставаа гэрээт цэрэгтэй болголоо гэсэн мэдээ нэвтрүүллээ. Гэтэл тухайн үед буюу 1998 онд гэрээт цэргийг Хилийн цэрэг дэмжээгүй. Харин хэзээ хойно буюу 2008 онд 10 жилийн дараа ач тусыг нь ойлгож байх жишээтэй. Дараа нь дүйцүүлэх албыг бий болгосон. Үүнийг зөв голдрилоор нь авч явах ёстой. Энд тэнд хог арилгадаг бус, онцгой байдлын үед орон нутагт тусламж үзүүлэх зэргээр гол ажил нугалдаг Засаг даргын мэдлийн чухал хүчин болгох учиртай. Хугацаат цэргийн албыг тухайн үед 1 жил болгосон нь мөн л чухал шийдэл байсан. Зарим улсад 6-8 сар, ихэнх улсад 1 жил, заримд нь 2 жилийн алба байдаг. Тэгвэл манайх Оросоос түрүүлчихсэн шүү дээ. Саяхан ОХУ 1 жилийн алба руу шилжүүллээ, манайхаас 10 жилийн дараа гэсэн үг. Хугацаат алба, гэрээт алба, дүйцүүлэх албатай болоод үзсэн чинь цаана нь бас ямар нэг хэлбэрээр алба хаалгах залуус үлдэж байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд цэргийн албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаалгах төрлийг бий болгосон.

Одоо зэвсэг, техникийн шинэчлэл гэх чухал асуудлын талаар ярилцах уу?

-Энэ том, бас чухал асуудлыг яах вэ гэж тэр үед ярилцаад ерөөсөө байгаагаа арчлан хамгаалж, сэргээн сайжруулая гэсэн шийдэлд хүрсэн. Дэлхийд 3,4 дүгээр үеийн зэвсэг, техник гарчихлаа, одоо энүүгээр яах юм гэсэн хүмүүс ч тэр үед байлаа. Хамгийн том бодлого бол байгаагаа хамгаалья, хадгалж додомдоё гээд хадгалах тасаг, баазуудын тогтолцоонд шилжүүлсэн. Тэр үед гар утасны тухай ойлголт бараг байхгүй байхад бид пейжерийг сонирхож БХЯ, ЗХЖШ, 150 дугаар ангийнхан, зарим ангиудын удирдлагыг хангаж байлаа. Одоо бодоход их хөөрхөн шийдэл байгаа биз. Зэвсэг, техникийн шинэчлэл хийхээр тэр үед яригдаж байсан асуудлууд сүүлийн жилүүдэд биелэлээ олж байна.

Цэргийнхний нийгмийн болоод бусад хангамжийг шийдвэрлэхэд тэр үед хүнд байсан байх?

-Энэ бол яах аргагүй том асуудал. Тэр үед цаг үе ч хүндрэл бэрхшээлтэй байсан. Үүрэг, тушаал биелүүлдэг цэргийн хүнд 1.Цалин, 2.Орон сууц, 3.Хувцас, бусад хангамж маш чухал байдаг. Цэргийнхний цалинг одооны оросууд шиг 2-3 дахин өсгөе гэвэл хүлээж авах хүн гарахгүй. Тиймээс тэр үед тойруу арга олсон нь цэргийн цолны мөнгийг цалин болгох хувилбар байлаа. Төсөл хийгээд асуудлыг зоригтой оруулсан. Бүтэх болов уу, үгүй болов уу гээд  эргэлзэж байлаа. Цолны цалинг тэдэн мянга болгоё гэхээр хүлээж авахгүй учир хувилаад оруулж шийдвэрлүүлсэн. Бусад яамдтай сайтар ярилцаад цалингийн сүлжээг төрийн албан хаагч гэдгээр нь адил түвшинд болгосон. Цэргийн мэргэжлийн зэрэг гээд нэр хүнд муутай зүйл байсныг цалинтай болгож, шалгуурыг өндөрсгөн нэр хүндийг нь өргөж ЗХЖШ олгодог болгосон. Онцгой нөхцлийн нэмэгдэл, төрийн тусгай алба хаасны нэмэгдэл гээд бүх нэмэгдлийг нэмэхээр цэргийнхний цалин боломжийн нэмэгдчихэж байгаа юм. Дараа нь дүрэмт хувцсыг өөрчилсөн. Манай ахмад цэргийнхэн “Өмнөх хуучин хувцсыг яаж өмсөж байсан юм бол доо” гэж ярьж байсан. Тэгэхээр шинэ дүрэмт хувцас тэдэнд таалагдсан хэрэг. Даланжаргаланд буй тусгай салбарт очиход манай сумын дарга савхин дээл өмсдөггүй байхад танай ахлагч нар л өмсөх юм даа гэж хэлж байсан. Ахлагч нь савхин дээл өмсдөг гэхэд орос ах нар ч гайхдаг юм.

Зарим орон сууцыг хувьчилж байсан учир тэр үед энэ асуудал их хүнд байсан болов уу?

-Хамгийн хүндрэлтэй асуудал бол орон сууц байдаг юм. Тухайн үед салбарын мэдлийн орон сууцууд олон байсныг сонгуулийн амлалт болгоод хувьчилчихсан. Товчоор хэлбэл шийдэх гэж ядаж байхад бүр хүндрүүлсэн. Тэгэхдээ шийдэхгүй байх эрхгүй учир “Цэргийн орон сууц 2000” хөтөлбөр зэргийг гаргаж ирсэн. Болох бүтэхээр нь шийдвэрлэх эхлэлийг тавихыг оролдсон. Одоо харин овоо нааштай явааг сонсоод олзуурхаж суудаг юм. Нэг улс төрч гарч ирээд хувьчилчих вий гээд анги, салбарынхаа байрлалд барьдаг болсон юм билээ. Энэ нь зөв л дөө. Ер нь цэргийн албыг чин үнэнч зүтгэлтэйгээр хаалгая л гэж бодож байгаа юм бол цэрэгт нь казарм барьж өгчихөөд офицер, ахлагч нарт нь байр байхгүй байна гэдэг бол утгагүй асуудал шүү дээ. Өөрөөр хэлбэл ямар ч цаг үед анхаарлаасаа гаргахгүй асуудал бол орон сууц.

Тэр үед тавигдсан удирдлагын тогтолцоо одоо хэвээрээ байж чадаж байгаа юу?

-Тэр үед удирдлагын тогтолцоог яаралтай өөрчлөх, шинэчлэх зайлшгүй шаардлагатай байлаа. 1996 онд энгийн сайд анх томилогдон ирэхэд нь энэ алтан боломжийг л ашиглан хийх ёстой гэж бид зориглосон. Тэгээд төсөл оруулаад БХЯ, ЗХЖШ-ын бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн салгасан. Ингэж салгасан нь ч гол нь биш. Ерөөсөө хүчний байгууллага, улс төр хоёрыг нийлүүлж болохгүй, заавал зааглаж байх ёстой. Улс төр, хүчний байгууллага бөөр бөөрөө нийлүүлэх юм бол Сьерра Леон шиг болно. Тэнд 7 Зэвсэгт хүчинтэй, тэднийг нь 7 улс төрийн бүлэглэл харьяалж байсан учир хоорондоо тэмцээд иргэний дайн гарсан. Тиймээс улс төр, хүчний байгууллагыг зааглаж дунд нь буфер бий болгосон нь БХЯ. Ингэж БХЯ зааглаж байхгүй бол Зэвсэгт хүчнээр тоглочихно шүү дээ. Одоо ерөнхий удирдлага, цэргийн мэргэжлийн удирдлага гэж байгаа. Цаашдаа улс төрийн, төрийн захиргааны, цэргийн мэргэжлийн удирдлага байх ёстой. Тэдгээрийн хэн нь ямар үүрэг гүйцэтгэх юм гэдгийг би “Цэргийн удирдлагын үндэс” номондоо тодорхой бичсэн. Уг нь үүнийг хуульчлах ёстой. Одоо хүртэл хуульчлахгүй л байгаа юм. Тухайн үед юун улс төрийн, юун төрийн захиргааны удирдлага вэ, ерөнхий удирдлага гээд оруул гэж УИХ-ын байнгын хороон дээр хэдэн цэцэрхэгч шийдсэн. Үүнийг засах ёстой.

Ярилцсан хошууч Ц.ТӨРМӨНХ

 
Хаяг
Баннер
Баннер
Баннер
Баннер