Нүүр хуудас БХЯ-100 ЭНХ ЦАГИЙН ЖИЛҮҮДИЙН ЦЭРГИЙН ЯАМ

             Дэлхийн хоёрдугаар дайн ЗХУ (хуучин) болон түүний холбоотны ялалтаар төгсөж, 1949 онд Хятад Улс тусгаар тогтнолоо тунхаглав. Дорнын улс түмнийг Японы дарлалаас чөлөөлөх дайнд МАХЦ, Зөвлөлтийн улаан армитай мөр зэрэгцэн явж Өвөр Монгол, Хятадын ард түмнийг чөлөөлөлцсөн нь өмнөд хөрштэй найрсаг харилцаа тогтооход чухал хүчин зүйл болов. Дайны аюул холдож, өмнөд, хойд хоёр хөршид энхтайван тогтсон нь монголын ард түмэн энхийн хөдөлмөрт шамдах гадаад таатай нөхцлийг бүрдүүллээ.

            Улс орны эдийн засгийг хөгжүүлж, дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэхийн тулд МАХЦ-ийг цомхотгож, түүнээс гарсан хүн хүч, хөрөнгө мөнгийг энхийн бүтээн байгуулалтад зарах нь зүйн хэрэг байлаа.

            Үүнтэй уялдан Улсыг батлан хамгаалах яамны бүтэц, зохион байгуулалт, гүйцэтгэх үүрэг, ажлын чиглэл, хүрээнд үлэмж өөрчлөлт орсон юм.

            Өгүүлэн буй үед Улсыг батлан хамгаалах яаманд хийсэн өөрчлөлт, ажил үүргийн онцлог нь:              

           Нэгд, яамны бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт хийж орон тоог удаа дараа цомхотгосон;

            Хоёрт, шинэ нөхцөл байдалд яам өөрийн дотоод ажил, үүрэг зорилгоо зохицуулсан;

            Гуравт, хуучирсан зэвсгүүдийг зэвсэглэлээс хассан;

            Дөрөвт, МАХЦ-ийг цомхотгосноор офицер, боловсон хүчнийг их хэмжээгээр халсан;

            Тавд, байлдааны болон улс төрийн бэлтгэлд өнгөрсөн дайны сургамжийг судлан нэвтрүүлэх шаардлага тавигдсан ба МАХЦ-ийн даргалах бүрэлдэхүүнийг шинэ бичигт сурган, бүрэн бус дунд боловсролтой болгох зорилтыг шийдсэн;

            Зургаад, цэргийн сахилгын зөрчлийн шинэ илрэлүүд үзэгдэж, түүнтэй тэмцэх болсон;

            Долоод, аливаа ажлын чанар үр ашиг, социалист өмчийг хамгаалахын тулд хяналт, шалгалтын ажлыг идэвхжүүлсэн;

            Наймд, барилгын цэрэг үүсэн байгуулагдсан бөгөөд  Зэвсэгт хүчин УААА-д шаардлагатай ажил, үүргийг гүйцэтгэх болсон;

            Есд, цэргийн гадаад харилцаанд шинэ үе нээсэн тод онцлогтой юм.   

            БНМАУ-ын IX их хурлын 1949 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар Цэргийн явдлын яамыг Улсыг батлан хамгаалах яам (УБХЯ) хэмээн өөрчлөн нэрлэхээр тогтов. Ийнхүү нэр сольсон нь хэлбэрийн төдий өөрчлөлт бус, гүн утга агуулгатай өөрчлөлт, тодруулбал, армийг хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь зөвхөн цэрэг захирах бус тухайн орны улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд ноёлох өндөрлөгийг эзэлж байж, сая шаардлагатай цагт тавигдсан үүргээ амжилттай биелүүлдэг гэдгийг өнгөрсөн дайны туршлагаар сэрж мэдэрсний илрэл байв.

            МАХН-ын Төв Хорооны 1953 оны 6 дугаар сарын 2-ны 37/70 тоот тогтоолоор МАХЦ-ийн бие бүрэлдэхүүнийг 8000-аас 6500 хүртэл хорогдуулав. Тус тогтоолын заалтыг хэрэгжүүлэхийн тулд УБХЯ-ны сайдын 1953 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн 112 тоот тушаалаар армид орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт хийв. Энэ тушаалаар 9 дүгээр морьт хороо, их бууны тусгай дивизион, холбооны тусгай батальон Улаанбаатар гарнизоны хүн эмнэлгийн лазеретийг татан буулгаж 6 дугаар мотомеханикжуулсан бригадын бүрэлдэхүүнд, армийн их бууны засварыг татан буулгаж их бууны 1 дүгээр агуулахад тус тус шилжүүлсний дээр УБХЯ-ны бүтэц, зохион байгуулалтад дорвитой өөрчлөлт оруулжээ.

            МАХЦ-ийг ийнхүү асар ихээр цомхотгож олон хүүхэдтэй болон армид он удаан жил ажиллагсдыг бэлтгэл, чөлөөнд гаргах үед тэдний ахуй амьдралд туслах шаардлага эрхгүй гарч иржээ. Тийм хүмүүсийг халах болон халсны дараагаар шалтай шалгүй, дан буюу давхар бүрээстэй шинэ хуучин гэрийг олноор олгож байв. Түүнчлэн хоол хүнс, түлээ түлш, хагас сараас 2 сарын цалинг нь олгож байв. Тухайлбал, УБХЯ-ны сайдын 1952 оны 2 дугаар сарын 5-ны 47 тоот тушаалаар бэлтгэлээр халагдсан хурандаа Дашпүрэвт нэг сарын хоол, хуучин гэр, хурандаа Нянтайсүрэнд нэг сарын хоол, 15 хоногийн цалин, хуучин гэр олгож байв. 1953 онд бэлтгэл генерал Эрэндоод 5252 төгрөгийн үнэ бүхий хашаа олгож байлаа. 

            1949 оны 11 дүгээр сарын 24-нд БНМАУ-ын Засгийн газар ба Зөвлөлийн засагт нийгэм журамт Бүгд Найрамдах  Холбоот Улсын Засгийн газрын хооронд ЗХУ-ын цэргийн сургуулиудад МАХЦ-ийн албан хаагчдыг сургах ба хангах зардлуудыг нөхөн төлөх журмын тухай гэрээ байгуулав. Энэ нь БНМАУ, ОХУ-ын цэргийн харилцааг цаашид бататган хөгжүүлсэн, ОХУ-ын академи, дээд, дунд сургуулиудад МАХЦ-ийн сонсогчид үргэлжлүүлэн суралцах үүд хаалгыг улам нээсэн алхам байлаа.

            Намын Төв Хорооны бүгд хурлын заалт ёсоор Ардын цэргийн командлалаас 1956 онд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн практикт 7000 гаруй офицер, түрүүч, байлдагчийг 10 гаруй сангийн аж ахуй, Хөдөө аж ахуйн нэгдэлд 30-75 хоногоор ажиллуулж, ажлын сайхан амжилт үзүүлэв. Ардын цэргийн дайчид энэ онд 21612 га газрын өвс хадаж, 19000 тонн өвс хураасан ба 3000 шахам тонн өвс бухалджээ. Бас 2733 га газраас 2180 тонн тариа хурааж, цэвэрлэжээ. Тус онд хөдөө аж ахуйд бүтээсэн дайчдын хөдөлмөр нь улсад сая гаруй төгрөгийн цэвэр ашиг оруулав.

            МАХН-ын Төв Хорооны шийдвэрээр 1957 онд халагдах цэргийн дотроос 100 хүнийг 4 сарын хугацаатай кино механикчийн курсээр бэлтгэн халагдуулах үүргийг цэргийн командлал биелүүлжээ.

 
Хаяг
Баннер
Баннер
Баннер
Баннер