Нүүр хуудас БХЯ-100 ЗУУН ЖИЛИЙН ХӨГЖЛИЙН ТҮҮХИЙГ “ТОЛЬДОН ХАРАХ” НОМ ХЭВЛЭГДЛЭЭ

“Монгол Улсын Батлан хамгаалах яам” нэртэй түүхийн тойм номын нэмж баяжуулсан хоёр дахь удаагийн хэвлэл, “Монгол Улсын Батлан хамгаалахын сайд нар” намтрын товчоон номуудыг БХЯ, БХЭШХ-тэй хамтран бүтээж, уншигчдын хүртээл болгоод байна. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын болон БХЯ байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан дээрх номуудын зөвлөхөөр Батлан хамгаалахын дэд сайд, БХЯ-ны ШУТЗ-ийн дарга, БХЯ байгуулагдсаны 100 жилийн ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх комиссын дарга, доктор (Ph.D) профессор С.Баасанхүү ажиллажээ. Тэргүүн дэвтэр бүтээхэд доктор (Sc.D), профессор, агсан Д.Гомбосүрэн, доктор, профессор Г.Мягмарсамбуу, С.Ганболд, шинжлэх ухааны доктор, профессор Х.Шагдар нарын нөр их хөдөлмөр орсныг тэмдэглэх юун.

   Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд “Монгол Улсын Батлан хамгаалах яам” номонд хэвлүүлсэн мэндчилгээндээ “…Яамныхаа нэгэн зууны түүхийг нэгтгэн дүгнэж, шинэ зууны түүхийг эхлүүлэх хувь заяа өнөөгийн бидэнд оногдсон байна. Энэ бол түүхэнд ховорхон тохиох зүйл юм. Гараа сайн бол бариа сайн гэсэн үг бий. Бид яамныхаа шинэ зууны ажил, амьдралын гарааг эрч хүчтэй,  амжилт бүтээлтэй, ихийг хийж бүтээх хүсэл тэмүүлэлтэй эхлүүлж байгаа учир Монгол Улсын БХЯ-ны ажил үйлс зуун зууныг дамжин хөгжин цэцэглэсээр байх нь дамжиггүй …” гэжээ. Батлан хамгаалахын дэд сайд С.Баасанхүү хоёр дахь удаагийн хэвлэлд зориулсан үгэндээ “…Бид 2001 онд яамныхаа 90 жилийн түүхийг баринтагласан бүтээл гаргаж, төрийн яамдаас түүхээ бичсэн анхны яам болж байсан билээ. Түүнээс хойш 10 жил улиран одож, яамны маань түүх төдий чинээ баяжсаны зэрэгцээ, судлаачид ч өмнөх судалгаагаа гүнзгийрүүлж, олон шинэ сонирхолтой баримт мэдээ ирүүлсэн байна. Ийм учраас Үндэсний эрх чөлөөний хувьсгалын болон БХЯ-ны 100 жилийн ойгоор яамныхаа түүхийг шинэчлэн баяжуулж хэвлүүлэн уншигч Танаа өргөн барьж байна. Ингэхдээ, нэгд, яамныхаа сүүлийн 10 жилийн түүхийг шинээр бичиж нэмэн оруулсан, хоёрт, зарим бүлэгт нэмэлт баяжилт хийсэн, гуравт, сүүлийн үеийн судалгааны үр дүнд тулгуурлан зарим нэр томъёог өөрчилж жигдэлсэн (тухайлбал, өмнө нь “Олноо өргөгдсөн Монгол Улс” гэснийг “Монгол Улс” болгосон, дөрөвт, өмнөх хэвлэлд сайдуудын товч намтар орсон байсныг хасч, харин тэдний намтрыг дэлгэрүүлэн тусад нь ном болгосон, тавд, яамны түүхэнд холбогдох шинэ сонирхолтой гэрэл зургийг оруулсан болно. Энэ бүтээл нь цэргийн алба хаагч, олон нийтийн хувьд танин мэдэхүйн болоод хүмүүжлийн ач тустай юм. Мөн ХХ зууны монгол цэргийн түүхийн судалгаанд зохих түлхэц болж, судлаачдад үнэ цэнэтэй мэдээ баримт дамжуулж байгаагаараа шинжлэх ухаан, танин мэдэхүйн ач холбогдолтой юм” гэдгийг тодотгожээ.

Номын өмнөх үгэнд уг номын бүлэг, бүтцийн талаар хураангуйлан бичжээ. Тухайлбал, Монгол Улсын Цэргийн яам (1911.12-1921.07) хэмээх  нэгдүгээр бүлэгт төрийн цэргийн асуудал эрхэлсэн төв байгууллага буй болж, улсын Зэвсэгт хүчнийг (Нийслэл хүрээнд дайчлан суулгасан цэрэг, хязгаарыг сэргийлэх цэрэг, орон нутгийн цэрэг) бүрдүүлэн, уламжлалт ба Европ зүгийн цэргийн хэрэгт боловсруулж, цэргийн хууль цаазыг тогтоон, монгол нутгаас Манжийн цэргийг хөөн зайлуулах, угсаа гарвал нэгт Өвөр Монгол, Баргын ард түмнийг Дундад иргэн улсын түрэмгийллээс хамгаалах, хожмын Гадаад Монголын хил хязгаарыг бататгах үйл ажиллагааг хэрхэн гүйцэтгэсэн хийгээд Монгол Улсын цэрэг нь 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын нэгэн урьдчилсан нөхцлийг бүрдүүлсэн тухай өгүүлжээ.

Ардын эрхт Монгол Улсын Цэргийн явдлын яам (1921.07-1949.02) хэмээх хоёрдугаар бүлэгт 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын галын дунд дахин төрсөн Цэргийн явдлын яамнаас хувьсгалын ололтыг бататган гүнзгийрүүлэх, эх орноо харийн түрэмгийлэгчдээс цэвэрлэн чөлөөлөх, Монгол Ардын журамт цэргийг байнгын цэрэг болгон хөгжүүлэх, 1930-1940 онд улс орныхоо тусгаар тогтнолыг байлдан хамгаалах, Монгол Улсын батлан хамгаалах тогтолцоог бүрдүүлэх зэрэг амин чухал үйлсийг удирдан зохион байгуулсан түүхийг толилуулсан байна.

Энх цагийн жилүүдийн Цэргийн яам (1949.02-1959.06) хэмээх гуравдугаар бүлэгт дэлхийн II дайны дараагаар тайван таатай нөхцөл байдал бүрэлдсэнтэй холбогдуулан Зэвсэгт хүчнийг үлэмж хорогдуулах, УБХЯ-ыг НАХЯ-тай нэгтгэн ажил үүргийн хуваарийг зохицуулан хэрэгжүүлэх, МАХЦ-ийн нийгмийн үүргийг өргөтгөж, эх орны бүтээн байгуулалт, улс ардын аж ахуй, соёлын хөгжилд гар бие оролцох, цэргийн гадаад харилцааг хөгжүүлэх үйлсийг тус яам хэрхэн зохион байгуулан хэрэгжүүлсэн тухай өгүүлэх аж.

Ардын цэргийн хэрэг эрхлэх яам (1959.06-1968.03) хэмээх дөрөвдүгээр бүлэгт Олон улсын цэрэг-улс төрийн байдал хурцадсанаас улбаалан батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын үүрэг зорилт өссөн үед тус яамыг бие даалган байгуулж, МАХЦ-ийг мотомеханикжуулсан арми болгож өргөтгөн байгуулах, түүнийг шинэ техник, зэвсэглэл, өндөр боловсрол, мэргэжилтэй боловсон хүчнээр хангах, байлдааны болон улс төрийн бэлтгэл сургалт, Барилгын цэргийн хөдөлмөрийн чанар, үр ашгийг дээшлүүлэх зорилтыг Ардын цэргийн хэрэг эрхлэх яам хэрхэн удирдаж, хэрэгжүүлж ирсэн түүхийг толилуулсан байна.

БНМАУ-ын Батлан хамгаалах яам (1968-1990 он) хэмээх тавдугаар бүлэгт олон улсын хурцадмал байдлаас үүдэн улс орныг батлан хамгаалах асуудал нэн өндөрт тавигдсан нөхцөлд армийг өргөтгөн зохион байгуулах төлөвлөгөөний дагуу анги, нэгтгэлүүдийг цаг хугацаанд нь байгуулан суурьшуулж, сургалт, хүмүүжлийн ажлыг хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлэх, шинэ зэвсэг, техникийг эзэмших, сургалтын материаллаг баазаар хангах, хүн амыг цэргийн хэрэгт сурган бэлтгэх, армийн байлдааны бэлэн байдлыг дээшлүүлэх, Монгол-Зөвлөлтийн цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх ажил, үйлсийг БХЯ хэрхэн зохион байгуулж ирсэн тухай хүүрнэжээ.

Монгол Улсын Батлан хамгаалах Яам (1990-2000 он) хэмээх зургадугаар бүлэгт Монгол Улсын гадаад байдал эрс өөрчлөгдөн, тус улс хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг байгуулах нийгмийн шинэ тогтолцоонд шилжсэнтэй холбогдон БХЯ, Зэвсэгт хүчний ажил үүргийг зааглаж, улс орны аюулгүй байдлыг улс төр-дипломатын аргаар хангах, мэргэжлийн цомхон чадварлаг Зэвсэгт хүчнийг байгуулан төлөвшүүлэх төрийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх, батлан хамгаалах салбарт шинэ эрх зүйн орчинг бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг өгүүлж байна.

“Монгол Улсын Батлан хамгаалахын сайд нар” намтрын товчоон номын тэргүүн дэвтрийг бүтээхэд доктор, профессор С.Баасанхүү,   Г.Мягмарсамбуу нар зөвлөхөөр ажиллажээ. 1880-1914 онуудад аж төрөн амьдарч, улмаар Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны анхны сайдаар ажиллаж байсан Галсанцэвэгмэдийн Гомбосүрэнгээр шангаа татсан эл номонд Илдэн жүн ван Манжбазарын Доржпалам, Төгс-Очирын Намнансүрэн, Чойсүрэнжавын Жамъяндорж, Бишрэлт ван Пүрэвжавын Доржцэрэн, Батын Дорж, Жамсрангийн Ёндон,    Дамбийн Дорлигжав, Лувсанвандангийн Болд нарын нийт 30 сайдын ажил, үйлсийн талаар дэлгэрэнгүй өгүүлжээ.

1911-1921 онд Монгол Улсын Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны сайдууд, 1921-1959 онд БНМАУ-ын Цэргийн явдлын яамны сайдууд, 1959-1992 онд Ардын цэргийн хэрэг эрхлэх яам, БХЯ-ны сайдууд, 1992-2011 онд Монгол Улсын Батлан хамгаалахын сайдууд гэсэн 4 бүлэгт хуваасан байна. “…Судлаачид энэ номыг бичихдээ, тухайн хүний намтар, үйл ажиллагааг бүхэлд нь нэгтгэн гаргаж, үнэлж дүгнэхийг зориогүй, харин нэгд, тухайн хүний намтрыг тоймлон гаргах, хоёрт, тус яамыг тэргүүлж байх үеийнх нь үйл ажиллагаа, өөрөөр хэлбэл цэргийн түүхэнд гүйцэтгэсэн үүргийг нь товч тодруулан харуулахыг хичээсэн билээ” гэж доктор, профессор С.Баасанхүү, Г.Мягмарсамбуу нар өмнөх үгэндээ тодотгожээ. Энэхүү түүхэн цуврал номын гутгаар дэвтэр нь “Төрийн батлан хамгаалах бодлогын уламжлал” (ХХ зуун) баримт бичгийн эмхэтгэлээр гарсан бөгөөд дээрх бүтээлүүдээс Та бүхэн БХЯ-ны 100 жилийн хөгжлийн түүхийг “тольдон харах” боломжтой гэдгийг эцэст нь тэмдэглэж байна.

 Тоймлон бэлтгэсэн, дэд хурандаа Г.БААТАРНУМ

 
Хаяг
Баннер
Баннер
Баннер
Баннер