Нүүр хуудас БХЯ-100 БИД ЖИНХЭНЭ ЦЭРГИЙН ХҮМҮҮС БОЛЖ ТӨЛӨВШСӨН

            Энэ сургуулийн хамгийн сүүлчийн төгсөгчид бид юм. Тиймээс ч сургуулийн уг нэрийг өмчлөгчид гэж ойлгож болохоор. Яагаад гэвэл сургууль маань биднээс хойш өөр нэрээр (ЦЕДС, ЦНДС, ЦИС, БХИС) дээд мэргэжлийн офицерууд бэлтгэсэн билээ. Цэргийн урлагийг тактик, оператив, стратеги хэмээн дэс дараалан судалж боловсруулдаг. Бид цэргийн тактикийг судлан салаа, рот, батальоныг хорооны бүрэлдэхүүнд буюу бие даан байлдаанд удирдах хэмжээнд цэргийн боловсрол эзэмшсэн гэсэн үг. Сургууль маань анхнаасаа ч ийм зорилготой байсан. 1960-аад оны эхнээс улс төрийн байдал эгзэгтэй болж, Ардын армийг шинээр бэлтгэх шаардлагын улмаас түр хаагдсан ЦЕС-ийг дахин сэргээж, ихээр дутагдаж байсан офицеруудыг сурган бэлтгэж эхэлсэн юм. 1964, 1965 онуудад гол төлөв бүрэн (тусгай) дунд боловсролтой болон тусгай мэргэжлийн дунд  сургуулийн /тэр үед техникум гэдэг байлаа/ оюутнуудаас  цэрэгт татагдагсдыг  элсүүлэн  сургаж байснаа 1966 оноос ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийг Гэгээрлийн Яамны хуваарь, томилолтоор сургуульд элсүүлж эхлэв. Өндөр боловсролтой цэргийн мэргэжилтнүүдийг гэрээний дагуу хуучнаар ЗХУ-ын Зэвсэгт хүчний академиудад Монголын ЕБС-ийг онц төгссөн улаан дипломтой хөвгүүдийг офицер цолтойгоор олноор сургаж эхэлсэн бол Зөвлөлтийн армийн олон арван цэргийн дээд, дунд сургуулиудад ЕБС төгссөн олон зуун, хөвгүүд жил бүр элсэн суралцаж байв. Манай ЦЕС-ийг ЦЕДС болгон өөрчлөн зохион байгуулж, эхний элсэлтийг 1967 оноос авч эхэлсэн бөгөөд анхны элсэгчид нь бид юм. Тодотгон  хэлэхэд  сургуулийн анхны төгсөгчид бид тус дунд сургуулийн сүүлчийн төгсөгчид болцгоосон билээ. Учир юун гэвээс Монголын Ардын Арми өргөжин зохион байгуулагдаж, цэргийн анги, нэгтгэлүүд олноор шинээр бий болсон тул офицер боловсон хүчин ихээр шаардагдсаны улмаас ЦЕДС-ийн III курсыг түргэвчилсэн программаар шахан сургалт явуулж, 1 жилийн өмнө төгсөлт хийж, офицер цол олгож, салааны захирагчийн албан тушаалд томилсоны учир бид  шаардлагатай анги, салбаруудад хуваарилагдан офицерын албаа эхэлцгээсэн учиртай.

            ЦЕДС-д элссэнээс хойш бүтэн 2 жил физик математикийн хичээлийг УБДС-ийн хөтөлбөрөөр суралцан энгийнээр физик-математикийн багш (ЕБС-д заах эрхтэй), цэргийнхээр тактикийн боловсролтой офицер болж төгсөх учиртай байлаа. Цагийн байдал өөрчлөгдвөл түүнд зохицох ёстой гэдэг цэргийн ёсны хатуу бөгөөд хэлэлцээгүй нөхцлийг ойлгож байсан бидэнд энэ шийдвэр том цохилт болж цочирцгоосон ч офицер бол офицер л юм чинь гэдэг гүдэсхэн бодол төрж, сэтгэлээр унаж сүйд болцгоогоогүй. Тэр үед БХЯ-ны нэгдүгээр орлогч сайд, дэслэгч генерал Б.Цогын тушаал уншигдсан. Энэ бол 1969 оны намар, хичээл эхлээд цөөн хонож байхад бүрээ татан жагсаагаад цэргийн улаан буланд оруулж суулгаад л өндөр дуугаар уншсан тушаал байлаа. Төгсөх курсынхан өнөөдрөөс халимаг тавьж болно гэхэд нь учиргүй их баярлацгааж билээ. Өөрийн дуртай физик-математикаа хөөгөөд УБДС-ийн тэр чиглэлийн ангид шилжсэн нөхдүүд ч бий.

Сонирхуулж хэлэхэд 1967 оны зун 8 дугаар  сард анх цэргийн карантинд гарч Шар хадны  орчим хөл, гарын сургууль хийж  байхад  БХЯ-ны Боловсон хүчний офицер ирж уулзан ЗХУ-д цэргийн дээд, дунд сургуульд шилжин суралцахыг бидэнд санал болгож байв. Бид дээд сургуулийн хөтөлбөрөөр шалгалт өгч элссэн, тэгээд ч ЦЕДС-ийн анхны төгсөгчид болох хувьтай байсан учир хэн ч тэр саналыг хүлээж аваагүй. Гэтэл хувь заяа хачирхалтай. Тэр жил ЗХУ-ын Цэргийн дунд сургуулийн ихэнх нь Дээд сургуулийн програмад шилжиж, харин манай сургууль биднийг дунд сургуулийн программаар төгсгөж билээ. Бидний дараачийн курсийнхэн ЦЕДС-ийн анхны төгсөлтийг 1972 онд хийж, офицерын ёслолын цөс ногоон дүрэмт хувцасны энгэр дээр дээд боловсролын цагаан ромбо зүүсэн гялалзсан залуу офицер дүү нараа хараад бахархан баярлаж байсан ч бас хөнгөн гуниг төрж байж билээ. Гэвч нь 2 жил цэргүүдтэй ажилласан бид, хал үзэн хашир сууж буй салаа, ротын захирагч нар болон хороо, батальоны, штабын офицерууд болцгоосон байв. Цэргийн ерөнхий сургуульд сурсан эрдэм маань цэргийг удирдахад ямар их тус болсон гэдгийг, удирдсан салаа, салбар маань байлдааны ямар чадвар эзэмшсэн, сэтгэл зүй, цэргийн сахилга бат хэр бат тогтвортой байгаа нь удирдлагаас тавигдсан үүргийг биелүүлэхэд, өөрөөр хэлбэл миний захирагчийн команд тушаалыг яаж хэрхэн биелүүлж байгааг харж бие сэтгэлээрээ мэдрэн бахархах, омогших сэтгэл төрдөг байлаа. Өөрөөр хэлбэл офицер болохын сайхныг амсч эхэлцгээсэн байлаа.

            ЦЕС анх байгуулагдсанаасаа эхлээд л сургалтын бодлого зөв, чанарын өндөр түвшинд үйл ажиллагаа нь зохион байгуулагддаг байжээ. Эх орон, газар нутаг, тусгаар тогтнолоо хамгаалах тэмцэлд гавьяа байгуулсан  баатрууд,  домогт эх оронч офицер олныг төрүүлсэн. Олон түмэнд мэдэгдэж одонт баатар болоогүй ч олон цэргийг удирдаж үүргээ нэр төртэй биелүүлэн амь үрэгдсэн, үрэгдээгүй олон мянган офицерын нэр алдар нь эх оронд тохиолдсон хэд хэдэн дайн тулаан, тулгаралт, энх цагийн хөдөлмөрийн жилүүдэд байсан бөгөөд одоо ч байна, цаашид ч эх орон байсан цагт байх болно.

            Офицер бол эх орноо батлан хамгаалах мэргэжилтэн юм. Мэргэжлийн офицер бол армийн алтан фонд мөн. Бидний үед “Онц сурлагатан, онц буудагч бол армийн алтан фонд мөн” гэсэн ухуулга лозун их байлаа. Шинээр бүрэлдэн буй армийг сургахад энэ уриа лозун сургалтын гол чиглэл болж, үр дүнгээ өгсөн нь ойлгомжтой. Мэргэжлийн армийн гол цөм нь, хөдөлгөгч хүч нь мэргэжлийн офицер юм гэдгийг бид ойлгож байгаа учир офицерын тухай ярьж байна. Илүү тодорхой ярих ч ёстой.

            Мэргэжлийн офицер гэдэг үг 1970-аад оны сүүлч 1980-аад оны эхээр офицеруудын дунд ч ялангуяа удирдах генерал, офицерууд, нэгтгэл, ангийн захирагч, дарга нарын дунд гарсан байх. Офицерууд тооноос чанарт шилжиж байсан цаг юм болов уу. Манай курсын дарга байсан М.Фрунзийн нэрэмжит “ЕЦ-ийн академийг төгссөн хошууч Ваня надад мэргэжлийн офицер болох тухай хэлэхдээ “Офицер нь мэргэжлийн сонирхлын гэж ялгагдана, чи мэргэжлийн, офицер болж чадах юм уу даа” гэж голж билээ. “Энэ чинь юу болж байна аа” гэх бодол төрсөн шүү. Офицерын  мэргэжил бол хоолонд хүргэдэг мэргэжил биш, харин өөрийгөө, бие сэтгэлээ, амьдралаа эх орондоо өгдөг мэргэжил юм. ЦЕС /анхны нэрээрээ одоо БХИС/ нь дээрх мэргэжлийг эзэмшүүлдэг, тэдгээрт сургадаг оюуны болоод тэвчээр хатуужлын их уурхай юм. Цэргийн хуарангийн амьдрал нь эх орноо батлан хамгаалах чадварт суралцаж буй цэрэг, түрүүч, ахлагч,  тэднийг сургаж байгаа генерал, офицеруудын хүсэл тэмүүлэл, зориг санаачилгад тулгуурласан, цагийн хуваарь, цэргийн сахилга батаар хэмжигдсэн нөхцөлд залуу эрсийн эрүүл чийрэг бие бялдрын хүч чадал, цог жавхаагаар гялалзаж байдаг бөгөөд цаг хугацааны хувьд амьдралыг танин мэдэхүйн хамгийн идэвхитэй үе таардаг байна. Хугацаат албаны цэрэг, түрүүч нарт төдийгүй залуу офицер, улирагсдын хувьд ч энэ үе онцгой юм. Цэргийн хуаранд цэргийн чадварт суралцах гэдэг нь юуны өмнө тасгийн жагсаалд хаана байраа эзлэх, байлдааны болон бусад ямар нэгэн үүрэг гүйцэтгэх үед эзэмшсэн зэвсэг, мэдлэг чадвараа яаж ашиглахад суралцахын зэрэгцээ хамт олонтойгоо хөдөлмөрлөх, нэг нэгэндээ туслах, бусдын өмнө хариуцлага хүлээх зайлшгүй шаардлагад заавал суралцана гэсэн үг.

            Цэргийн тангараг өргөсөн цэргийн алба хаагчийн үйл ажиллагаа цэргийн дүрмээр зохицуулагдсан байдаг тул хэлэх ярих, бусадтай харьцах үйлдлүүд нь тодорхой хэмжээнд хязгаарлагдсан байдаг. Энэ нь хүний эрх чөлөөг хязгаарлаагүй, харин ч элдэв эрсдэлийг багасгаж сэргийлсэн байдаг учиртай. Ижил нөхцөлд амьдарч иддэг, уудаг, үздэг, хардаг, сонсдог, үнэртдэг, мөрддөг, даардаг, халууцдаг, хөлөрдөг, загнуулдаг, сайшаагддаг, урамшдаг, гутдаг, уйлдаг, уярдаг, хөгждөг, цэнгэдэг гээд бүх л юм адилхан учир бие биедээ ижилдэн дасч хамт олон болдог байна. Иймээс ч зовлон, жаргалаа хуваалцаж, үг хэлээ ололцож, сайн муугаа мэдэлцэж, дотно нөхөд бололцож, хэн хэндээ итгэлцэж, цэргийн нөхөрлөл үүсэн бэхжинэ. Цэргийнхний хэлээр тагнуулд хамт явна гэдэг бол дайчин нөхөрлөлийн дээд ойлголт. Цэргийн нөхөрлөлийн үнэ цэнэ өндөр. Амьдралын турш хадгалагдана. Энэ тухай дуу, шүлэг, үлгэр, домог ч олон бий. Эр хүний хамгийн дотно, хэзээ ч мартагдашгүй дурсамж цэргийн хуарангийн тухай уйлан хайлан ярьдаг, уулзах бүртээ нэг нэгнийгээ үгүйлдэг, сурагладаг, халагладаг, харамсдаг, хайрладаг, ерөөдөг, баярладаг, хөөрдөг төдийгүй хамгийн нандин зүйлээ онжав-цэргийн нөхөртөө л ярьдаг, түүнийхээ зөвлөгөөг дагадаг учиртай.

            Онжав-нэг оны цэргүүд болон хуарандаа ижилдэн дассан халагдсан цэргүүд хаана ч хэдийд ч уулзсан “Хэдэн оны, аль ангийн цэрэг вэ? Хэний цэрэг вэ чи?” гэцгээн их л дотносдог. Энэ үед нөгөө л захирагч, офицероо дурсан хүндэтгэж, хууч хөөрөн ярилцдаг. Офицероосоо ухамсрын шанаа авч байсан хэнэггүй гүдэсхэн эрчүүд түүнийгээ зодуулсан гэж яагаад ч хэлэхгүй, харин ч надад тус болсон юм шүү л гэж хөөрнө. Ингэж ярьдаг, дотносдог хүдэр бор эрс /өөрөөр хэлбэл халагдсан бэлтгэл цэрэг/ манай эх орны өнцөг булан бүрт хэдэн түмээрээ ханхайцгааж байгаа. Цаашид ч цэргийн анги, салбар дайчин нөхдөө дурсан ярьцгааж, үр хүүхдүүдэд нь үлгэр домог болон үлдэх нь дамжиггүй. Эх орноо батлан хамгаалах үйлсэд хамтран зүтгэсэн эр хүний нөхөрлөл энэ буюу. Энэ нөхөрлөл амьд бөгөөд цаг ямагт бэхжиж, төгөлдөржиж байдаг. Үүнд офицерын эзлэх байр суурь онцгой юм. Өөрөөр хэлбэл ямар ч дайсныг зайлшгүй ялан дийлэхэд суралцаж боловсорсон, юунд ч эвдэршгүй энэ хамт олныг мэргэжилдээ мэргэшсэн офицер л амь бие хайргүй хөдөлмөрөөрөө бий болгон төлөвшүүлнэ. Энэ бол сурах бичигт байдаг онол сургаал төдий зүйл биш бөгөөд Монгол орны амьдралд бодит байдлаар биелэгдсэнийг ЦЕС-ийг төгссөн офицер бид мэдэх бөгөөд их үйлсэд өчүүхэн хувь нэмэр, хөлс хүчээ нэмэрлэсэндээ баяртай байгаагаа илэрхийлэхийн ялдамд БХИС үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн их ажил өрнөж байгаа эл өдрүүдэд Батлан хамгаалахын их сургууль тандаа талархдагаа,  танаар бахархдагаа илтгэе.

Бэлтгэл дэд хурандаа Б.ГАНБАТ

 
Хаяг
Баннер
Баннер
Баннер
Баннер