Нүүр хуудас БХЯ-100 Ж.БАТХУЯГ: ЯМАР НЭГ ХАЛАА СЭЛГЭЭГҮЙГЭЭР ХАМТАРЧ АЖИЛЛАСАН

          Тухайн цаг үеийн байдлаас шалтгаалж, богинохон хугацаанд алба хашсан ч бас чиг хэлэх үгтэй үлдсэн хүний нэгэнд Батлан хамгаалахын сайд асан Жамъяндоржийн Батхуяг зүй ёсоор ордог.  “Та нарын маань ажил, алба дажгүй юу?” хэмээн элгэмсэгээр  угтсан тэрээр манай сурвалжлагчтай дараах энгүүн яриаг өрнүүлжээ.

             Та Батлан хамгаалахын сайдаар томилогдож байсан үеэ эргэн дурсвал …?     

            -2007 оны 12 дугаар сард юм даа. ҮШН, ИЗН, МАХН гэсэн гурван намын эвсэлтэй С.Баяр сайдын Засгийн газраас тэр хариуцлагатай албанд томилогдож байлаа. Өөрөөр хэлбэл намын даалгавраар гэж ойлгож болно. Батлан хамгаалах салбарын тухайд өмнө нь тодорхой төсөөлөлтэй байсан л даа. Миний хувьд тэс өөр салбарын хүн тийм хариуцлагатай үүрэг хүлээхэд их л шинэлэг бөгөөд өвөрмөц сэтгэгдэл төрж байсан. Төрийн дуулал эгшиглээд л, хүндэт харуул жагсчихсан, ер нь сэтгэл маш их огшсон доо. Бүх цэргийн их Хар сүлдний өргөөнд орж, хүндэтгэл үзүүлэн мэхийн ёсолж байхад, хэдийгээр цэргийн хүн биш ч, эх орон, эр цэрэг гэдэг ямар их сүр сүлдтэй болохыг өөрийн эрхгүй мэдэрдэг юм билээ. Хамгийн гол нь бусад салбаруудыг бодвол Батлан хамгаалах салбар нь Монгол төрийн залгамж чанарыг маш сайн хадгалсан салбар гэдгийг хэлэх ёстой.

 

            Та намын даалгавраар томилогдсон гэлээ. Нууц биш бол чухам ямар даалгавар байсан бэ?

            -Миний ажил авч байсан цаг хугацаа бол дараагийн сонгууль нэлээд дөхчихсөн төдийгүй сонгуулийн уур амьсгал нэгэнт орчихсон, тэгээд ч хэдий хугацаанд ажиллах билээ гэдгээ мэдэрсэн үе тохиосон. Тийм болохоор бүгдийг үндсээр нь өөрчилнө, халаа, сэлгээ хийнэ гэсэн бодол байгаагүй. Тэгэх ч шаардлага байхгүй. Хэдийгээр сайн таньж мэдэхгүй салбар ч төрийн бодлогыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага бол байсан. Тэр нь юу байсан бэ гэвэл төрийг жаахан сулавтар байлгах бодлого төрд ч, ард түмэнд ч ажиглагдаж байсныг зарим хүмүүс мэдэж байгаа байх. Тэр үзэл бодлын эсрэг төр хүчтэй байх ёстой гэсэн бодлогыг манай нам хатуу баримталдаг юм. Ер нь төрийг авч явдаг чухал салбарын нэгэнд Батлан хамгаалах салбар эн тэргүүнд тооцогддог. Тэгээд ч өнөөгийн дэлхий нийтийн байдал, олон улсын газар нутгийн төлөөх тэмцэл зэрэг олон хүчин зүйл нь Батлан хамгаалах салбараа хүчтэй байлгахыг зайлшгүй шаардаж байгаа юм.     

 

            Ажилтайгаа танилцах явцад эн тэргүүнд анхаарах шаардлагатай гэж үзсэн ямар асуудал ажиглагдаж байв?

            -Тухайн үеийн Засгийн газраас тавьж байсан хариуцлага, сахилга, дэг журамтай холбоотой асуудлууд байсан даа. Яахав, дотоод, гадаад хүчин зүйл, шалтгаан байсан л байх. Миний ажил хүлээж авсантай холбогдож, дээрх хүчин зүйл давхцан гарч ирсэн тохиолдол байсан. Хийх ажлын хувьд гэвэл “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр” батлагдсан байсан. Тэр хөтөлбөрийн хүрээнд хийх ажил чамгүй байна гэдгийг ойлгосон. Ер нь хэрэгжүүлэх шаардлагатай хөтөлбөр, төслүүд цөөдөхөөргүй байсан. Тэр бүхнээс хамгийн чухал нь Зэвсэгт хүчний зэвсэглэл, техникийг шинэчлэх, боловсон хүчнийг сургаж бэлтгэх, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэгт гол анхаарлаа чиглүүлэн ажилласан. Мөн ОХУ-ын Батлан хамгаалахын сайд А.Сердюковын айлчлалын үеэр байгуулсан гэрээ, хэлэлцээрүүд байна. Энэ нь батлан хамгаалах гадаад бодлогын томоохон ажил болсонд өдгөө сэтгэл хангалуун байдаг юм. Тэрхүү гэрээ, хэлэлцээрийн үр дүнд манай хоёр орны Зэвсэгт хүчний хамтарсан “Дархан-1,2,3” хээрийн сургуулиудын үйл ажиллагааны эхлэлийг тавьсан. Түүнчлэн зэвсэг, техникийг шинэчлэх эхлэлийн суурийг ч тавьсан. За тэгээд яриад байвал жижиг, сажиг зүйл зөндөө л байна даа.

 

            Таныг сайдаар ажиллаж байхад манай улс Иракаас цэргээ гаргасан байх аа?

            -Тийм ээ! Гадаад харилцааны яамтай зөвшилцсөний үндсэн дээр цэрэг дайчдаа Иракаас буцаан татаж байлаа. Манай дайчид үүргээ дүүрэн хангалттай биелүүлсэнд сэтгэл хангалуун байдгаа дашрамд хэлмээр байна.

 

            Тийм зүйлийг хийж амжсангүйдээ гэж сэтгэл эмзэглэж явдаг зүйл байгаа л байх даа?

            -Байна аа, байлгүй яахав. Онцгойлж хэлбэл “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд шаардлагатай “Зэвсэгт хүчний хөгжлийн сан”-гийн асуудлыг УИХ-аар оруулж, шийдвэрлүүлж амжаагүйдээ сэтгэл  дундуур явдаг юм. Амжуулах боломж ч гараагүй. Харин одоогийн сайд Л.Болдыг тэрхүү асуудлыг хэрэгжүүлж байгаад баяртай байдаг.

 

            Аль ч салбарт шинээр томилогдсон албан тушаалтнууд эн тэргүүнд ихэвчлэн өөрсдийн багийг бүрдүүлдэг бичигдээгүй хууль үйлчилсээр л байна. Танд тийм бодол байсан уу?

            -Үгүй дээ, яг хуучин ажиллаж байсан бүтцээрээ л ажилласан. Нэг ч албан тушаалтныг өөрчлөөгүй байх. Энэ дашрамд нэг зүйлийг хэлэх нь зүйтэй болов уу гэж бодож байна. Батлан хамгаалах салбар нь төрийн тусгай албан хаагчид алба хашдаг, төрийн захиргааны болон цэргийн мэргэжлийн удирдлагын аль, алиныг нь хослуулсан онцлог байгууллага юм. Тийм учраас баг бүрдүүлнэ гэдэг утгаар улс төрийн чадвар муутай хүмүүсийг авчирч тавина гэсэн ойлголт хэзээ ч байж болохгүй.

 

            Танд хөдөөгийн анги, салбартай танилцах боломж тэр бүр олдоогүй л болов уу?

            -Зэвсэгт хүчний 327, 234 дүгээр ангиудтай л танилцсан. 327 дугаар ангийн хувьд офицер, ахлагч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд орон сууцны нэг орцыг худалдан авч өгсөн. 234 дүгээр ангийн хувьд ч мөн ялгаагүй, дээрх арга хэмжээг авсан. Ямар ч байсан бэлэн байдал, зэвсэг, техникийн түвшин боломжийн хэмжээнд байгааг ойлгосон. Ер нь Батлан хамгаалах салбар нь  бусдад өөрсдийгөө мэдрүүлж, дэлгээд байх шаардлагагүй учраас нийгэм дутуу үнэлдэг тал байдгийг ч ойлгосон.

 

            Зэвсэгт хүчний нэр хүнд  Олон улсын тавцанд өссөөр байгааг Та анзаарч байгаа байх. Сайд байсан хүний хувьд цаашид ямар бодлого баримтлах ёстой гэж үздэг вэ?

               -Монгол Улсын Зэвсэгт хүчний дайчид Олон улсын Энхийг дэмжих ажиллагаа болон Нэгдсэн үндэстний байгууллагын мандатын дор, мөн Олон улсын бусад байгууллагын хүрээнд явагдаж байгаа олон талт үйл ажиллагаанд маш амжилттай оролцож байна. Энэ хандлага цаашид ч улам бүр нэмэгдэх болно. Төрийн бодлогоор тодорхойлогдсон Зэвсэгт хүчнийг мэргэжлийн чиг баримжаатай болгох, олон талт үүрэг гүйцэтгэх чадавхитай уян хатан хүчин болгох, Батлан хамгаалах салбарын орон нутгийн хамгаалалтад суурилсан батлан хамгаалах чадавхийг бэхжүүлэх асуудал цаашдаа ч тэргүүн зэргийн ач холбогдлоо хадгалсаар байх болно. Цаашдаа манай Зэвсэгт хүчин, Батлан хамгаалах салбарын улс төр, эдийн засаг, нийгэм, хүмүүнлэгийн гэсэн үндсэн бодлогын асуудал улам тодорхой болж гарч ирнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

 

                        Та баг бүрдүүлэхээс татгалзсан сайд. Харин өмнөх хүмүүстэйгээ хэр зэрэг гар нийлэмжтэй ажилласан гэж боддог бол?

                        -Миний хувьд 4 жилийн хугацаанд 4 дэх сайдаар ажилласан хүн. Тийм учраас урьд өмнөх үеийн сайдууд ямар байсан нь хамаа байхгүй, уламжлалт зарчмыг нь л баримтлая гэж бодсон. Надтай хамт гар нийлэн ажиллаж байсан БХЯ, ЗХЖШ-ын удирдах тушаалын  генерал, офицерууддаа баярлаж явдаг шүү гэдгийг хэлэх байна. Аль бүрийн нэрийг дурдаж барах билээ. Тэр бүхний дотроос нас, намбыг нь хүндэтгээд Л.Моломжамц сайддаа урт удаан наслахын ерөөлийг дамжуулъя.

 

                        Аливаа зүйл заавал учир жанцантай байдаг гэдэг. Таны хүүхэд насны тодорхой үе БХЯ-ны энэ хашаанд өнгөрсөн гэж сонссон. Энэ тухайд …

                        -1960-аад оны үед Политехникум хэсэг хугацаанд БХЯ-ны хашаанд байрлаж байсныг мэдэх хүмүүс цөөрчээ. Аав маань тэр сургуулийн багш байсан юм. Тэр үед би дөрөв, таван настай л байсан болов уу. ЗХЖШ-ын Ар талын газрын цагаан байшинд өсч бойжиж, тэр орчмоор гүйж, тоглож явснаа бүдэг бадагхан санадаг юм. Тийм учраас тэр байшин өөрийн төрсөн гэр шиг минь сэтгэлд дотно санагдаж байдаг юм даа.

                        Сүүлчийн асуултыг Танд нээлттэй үлдээе?

                        -Төрийн захиргааны төв байгууллага БХЯ үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэж, Зэвсэгт хүчин, Батлан хамгаалах салбарынхаа нэр хүндийг ямагт өөд нь бадрааж явахын ерөөл өргөе.

 Дэд хурандаа Гомбын БААТАРНУМ

 
Хаяг
Баннер
Баннер
Баннер
Баннер