Нүүр хуудас БХЯ-100 ЦЭРГҮҮДЭЭ ҮДЧИХЭЭД НЭГ Ч ӨДӨР СЭТГЭЛ АМАР БАЙГААГҮЙ

            Батлан хамгаалахын сайдаар томилогдож байсан тэр үе Таны сэтгэлд тун ойр биз?

            -2000-2004 оны Засгийн газар тогтвортой, чамгүй их ажил амжуулсан гэж би боддог юм. Батлан хамгаалахын сайдын албыг хариуцаж, Засгийн газрын бүрэлдэхүүнд ажилласан энэ 4 жил Батлан хамгаалах салбарын төдийгүй, улс орны хувьд ч эргэлтийн үе байсан гэж хэлж болох байх. 1990-2000 он хүртэл 10 жилийн хугацаанд зарим улс төрчид, иргэд хүртэл БХЯ, Зэвсэгт хүчнийг хэрэгтэй эсэх талаар ярьдаг, нэг хэсэг нь бүр хэрэггүй гэж үздэг байсан. Гэхдээ БХЯ, ЗХЖШ, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн энэ бүх хэцүү цаг үеийг даван туулж чадсан. Энэ он жилүүдэд Батлан хамгаалах салбарын хувьд олон чухал асуудлууд шийдэгдсэн гэж хэлж болно. Тухайлбал “Цэрэг, цагдаагийн албан хаагчдыг НҮБ-ын болон Олон Улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай” болон БХЯ, ЗХЖШ-ын тухай хуулиуд задарч тусдаа бие даасан хуулиуд болж батлагдсан. Энэ хуулиудыг  хэрэгжүүлэх үүрэг Батлан хамгаалах салбарт оногдсон нь мэдээж хэрэг. 

            Ялангуяа анх удаа монгол дайчид “дэлхийн цэрэг” болсон шүү дээ?

            -Цаг үеийн байдал түгшүүртэй, Иракт дайн эхэлчихсэн, олон улсын хамтын ажиллагаа явуулах шаардлага бүхий нөхцөл байдал үүсчихсэн байлаа. Энэ үед хууль батлагдаж, монгол цэргүүд анх удаа олон улсын ажиллагаанд үүрэг гүйцэтгэх болсон. Энэ бол яах аргагүй Монголын Зэвсэгт хүчний түүхэнд тод томруунаар бичигдэх хариуцлага, нэр хүндтэй үйл явдал. Тухайн үед дэмжих хүн олон, мэдээж хэрэг эсэргүүцэл үүнээс ч их байсан.

             Бэлтгэл ажил гэж амаргүй даваа байсан биз?

            -Цэргийн алба хаагчдыг сонгох, хувцас хэрэглэл, хоол хүнс, зэвсэг техник зэрэг зүйлсийг олон улсын стандартад нийцүүлэх гээд олон шаардлага тулгарч байлаа. Сургалт, дадлагыг ч өөрсдөө хийх болж, сургалтын баазуудаа шинэчилсэн. Бидэнд амаргүй байсан. Гэхдээ гараа сайн бол бариа сайн гэгчээр анхны цэргийн багийн гаргасан жим мөрөөр одоог хүртэл монголын энхийг сахиулагчид үүргээ гүйцэтгэж, эгнээгээ тэлж байгаад сэтгэл хангалуун байдаг юм.

             Цэргүүдээ үдчихээд сэтгэл амаргүй байсан нь ойлгомжтой?

            -Мэдээж хэрэг. Олон улсын ажиллагаанд цэргээ оролцуулах шийдвэр гаргахад, цэргүүдээ үдэж байхад ч эргэлзэх, сэтгэл зовох хүн их байсан. Хэдийгээр тангараг өргөсөн дайчид үүргээ гүйцэтгэх ёстой гэж бодсон ч энэ олон аавын хөвгүүдийг дайны халуун цэг рүү явуулах үнэхээр хэцүү юм билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди гуай ч нэлээд эргэлзэж байсан. Харин тууштай зогссон ганц хүн бол тухайн үеийн Ерөнхий сайд Н.Энхбаяр. Үүргээ гүйцэтгээд ирэн иртэл нь нэг ч өдөр тайван байгаагүй. Гэхдээ цэргүүд маань эх орон, ард түмнийхээ итгэлийг дааж, үүргээ амжилттай гүйцэтгэж өөрсдийн баатарлаг үйлсээ мөнхөлсөн.

             Таныг ажлаа авах тэр үед Батлан хамгаалах салбарын өнгө төрх ямархуу байв. Ажлаа юунаас эхэлсэн бэ?

            -1990-ээд онд цэргийн алба хаагчид армийг орхиж зах зээл “хөөх” нь их байсан бол 2000 оноос энэ хүмүүс эргэж Зэвсэгт хүчинд ажиллахыг эрмэлзэж байлаа. Миний хувьд Зэвсэгт хүчинд УАДХЦ-ийн штабын даргын алба хашиж, цэргийн анги, байгууллагын ажил, амьдралын дунд байсан болохоор энэ салбар ойр дотно байсан гэж хэлж болно. Тийм учраас анги, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах гэж, хөдөө орон нутаг руу зорьж яваагүй. Цаг зав ч хомс, шийдвэрлэх асуудал цөөнгүй байсан. Харин анхны үзэглэсэн тушаал бол “…дугаар ангид байлдааны туг олгох тушаал” байсныг тод санаж байна. Манай БХЯ-ныхан аливаа ажилд нягт нямбай, бодлоготой ханддаг. Энэ тушаал ч гэсэн билэг дэмбэрэлийг бодож зэхсэн байж таараа.

             Батлан хамгаалах салбарын гадаад харилцаа ямар түвшинд байв?

            -Батлан хамгаалах салбарын гадаад хамтын ажиллагаа бусад салбарыг бодвол хэдэн алхам илүү явдаг гэж би үнэлдэг. Тухайн үед ч ялгаагүй дээд хэмжээний уулзалт айлчлалууд тогтмолжиж, үүний үр дүнд ч багагүй ахиц дэвшил гарсан. Герман, Турк зэрэг улсууд тусламж үзүүлж эхэлсэн. Түүнчлэн хоёр хөршийн найрсаг харилцаа дэмжлэг, тусламжийг тэмдэглэхгүй өнгөрөхийн аргагүй юм.

             Шийдэгдсэн нийгмийн асуудал гэвэл Та юуг хэлэх вэ?

            -Энд би нэг зүйлийг онцолмоор байна. Тухайн үед орон сууцны асуудал хамгийн бэрхшээлтэй байсан. Баянзүрх дүүргийн Цайз захын ойролцоо оросууд амьдарч байсан байрыг 90-ээд онд манай Засгийн газар хүлээж аваад хувьчилчихсан. Гэтэл нөгөө эзэн нь байрыг чөлөөлөхийг шаардаад, олон хүний амьдралыг шийдэх асуудал тулгарсан юм. Бөөн асуудал боссон, арай л өлсгөлөн зарлахдаа тулаагүй. Нэгэнт хувьд оччихсон учраас эзэнд нь зохих төлбөрийг нь төлөөд БХЯ уг байрыг мэдэлдээ авч олон офицер, ахлагч нарыг гэр оронтой нь үлдээсэн. Халуун хүйтэн ус, дулааных  нь асуудлыг ч давхар шийдсэн юм даг. Нэлээд хөөцөлдөж байж шийдсэн асуудал болохоор сэтгэлд тод үлджээ. Олон хүн баярлаж, талархсанаа илэрхийлж, олон ч өрх гэр сэтгэл хангалуун үлдсэн болохоор сэтгэл өег байдаг юм.

             Тэгвэл шийдэж чадаагүй асуудал?

            -Зэвсэгт хүчний тухай ерөнхий ойлголт. Зэвсэгт хүчин гэж “хэн” байх, бүрэлдэхүүнд нь ямар цэрэг орох эсэх тухай асуудал одоо ч шийдэгдээгүй байна. Уг нь Хилийн ба Дотоодын цэрэг, Ерөнхий зориулалтын цэргийн хүчнээс Зэвсэгт хүчин бүрдэх ёстой. Тайван цагт биеийг нь даалгана гэдэг утгагүй зүйлтэй санал нэгддэггүй. Тэр үед шийдэх гэж чамгүй хөөцөлдсөн. Гэвч саад тавих хүн олон болохоор шийдэгдээгүй юм.

             Хувь хүний хүсэлт их ирнэ биз?

            -Хэцүү юмны чинь нэг тэр дээ. Голдуу л орон сууц, тусламж хүснэ. Салбарын сайд учраас энэ хүн л шийдчих байх гэж найдаж, горьдлого өвөрлөж ирдэг. Гэтэл үнэн хэрэгтээ шийдэх боломж хомс. Дорноговь аймгийн Цэргийн хэлтсийн даргаар ажиллаж байсан нэг буурал орон сууц хүсэж нэлээд олон удаа надтай уулзсан, хүсэлтийг нь биелүүлэх боломж үнэхээр байгаагүй. Энэ мэтчилэн жишээ олон. Ийм үед л сэтгэлд дарамттай байдаг юм даа.

 

            Өнөөдөр ч гэсэн Та Батлан хамгаалах салбарын тухайд анхаарал хандуулж, “хошуу” дүрнэ биз?

            -Ойлгомжтой. Анхаарахгүй байя гээд ч  чаддаггүй.  Зурагтаар нэг мэдээ гарч байсан ч ажлаа хойш нь тавьчихаад дуустал нь сонсоно. Яагаад гэвэл би цэргийн хүн. Энэ утгаараа Батлан хамгаалах  салбар, цэргийн найз нөхөд, цэргийн баяр гээд  бүх л зүйл хамааралтай, ойр дотно. Тэр дундаа цэргийн нөхөрлөл гэдэг хамгийн ариун нандин, бат бэх харилцаа, үнэнч найз байдаг юм.

            Бидний үед 18 аймгаас залуусыг  цэрэгт татаад л хуваариладаг байсан. Миний хувьд гэхэд 21 аймагт цэргийн найзтай. Бие биендээ тустай, зовлон жаргалаа хуваалцдаг жинхэнэ найзыг цэргийн алба л өгдөг юм. Одоогийн цэргүүд ховдынх нь Ховддоо, говийнх нь говьдоо л алба хаах юм. Уг нь тараан байрлуулбал тун зүгээр юм шүү дээ.

             Өнөөдрийн Батлан хамгаалах салбарын талаарх Таны бодол…

            -Батлан хамгаалах салбар өргөжин  хөгжиж, тулгамдаж буй асуудлуудаа нааштайгаар шийдэж, дэлхийн тавцанд нэр хүнд нь өсч байгаад сайд байсны хувьд ч, цэрэг хүний хувьд ч баярлаж, бахдаж явдаг. Ялангуяа бусад орны цэргийн алба хаагчидтай хамтарсан сургалт дадлагууд ихээхэн явагдах болсон нь тун сайшаалтай. “Khaan Quest”, “Дархан” зэрэг томоохон хээрийн сургуулиудад оролцож, манай цэргийн алба хаагчид мэдлэг, туршлага хуримтлуулж, зэвсэг, техникээ сэргээн сайжруулж байгаа нь чухал алхам гэж бодож суудаг юм.

            Богд хаант Монгол Улсын анхны 5 яамны нэг БХЯ үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тус салбарын хамт олон амжилт бүтээлээр арвин угтаж байгаа нь ойлгомжтой. Жанжин Лхагвасүрэн, армийн генерал Дорж, Авхиа гээд олон цэргийн нэрт зүтгэлтнүүдийн сүр сүлд, буян хишиг шингэж, Батлан хамгаалах салбарын үйлс өөдрөг яваа нь дамжиггүй.

            Монгол цэргийн сүр хүч үеийн үед бадраг.

 Ахмад Х.ГАНЗУЛ

 
Хаяг
Баннер
Баннер
Баннер
Баннер